Tuesday, September 28, 2010

Бид “2х1club” блогтоо өөрсдийн уран бүтээлээс гадна Монголын утга зохиол болон дүрслэх урлагийн ертөнцөд болж буй мэдээ мэдээлэл, мөн уран бүтээлчдийнхээ талаар танилцуулга хөтлөн явуулж байхаар болов оо. Эхний маань зочин Дарьзавын Түвдэндорж ах маань байсан бол энэ удаагийн зочиноор МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Г.Сонинбаярыг оруулж байнаа.


Монголын утга зохиолын хүрээнд хоёр Сонинбаяр бий. Нэг нь Шашины дээд сургуулийн захирал номч ламтан Ш.Сонинбаяр гуай нөгөө нь манай үеийн яруу найрагч “хорь буриад” Ганболдын Сонинбаяр гэж хоёр айхтар хүмүүн бий. Бидний нэрлэдэгчлэн “СОНИ” маань Ломбын Нямаа гуайн шавь. Хэнтийн “школа”-тай яруу найрагч. Алдарт 90-ээд оны Б.Галсансүх, Б.Одгэрэл, Б.Энхжаргал тэргүүтэй нөхдүүдийн араас шил даран гарч ирсэн Г.Сонинбаяр, Б.Занданхүү нарын олон сайн яруу найрагчид цөм Л.Нямаа гуайн дугуйлангаас гарсан найрагчид байдаг юм. Эдгээр нэрсийг өнгөц хархад утга зохиолын хүрээнд “модерн” хэмээгч шинэ уур амьсгалыг тээн авч ирэгсэдийн нилээдгүй нэрс хөврөнө. Утга зохиолын хүрээнийхэн болоод Хэнтийн “школа”-ынхан өөрсдөө ч үүнийгээ мэдэрчихсэн тодорхой асуудал.
Мунхаг миний бодлоор яруу найраг гэдэг зүрх сэтгэл болоод оюун ухаанаас ургаж ундарсан сэрэл мэдрэмжийн цогц “бичлэг” бөгөөд энэ бүгдийг илэрхийлэн гэдэг хүн бүр харилцан адилгүй агаад ямагт шинэ сэргэг байдаг гэж би итгэдэг нэгэн. Манай Сони тэгж ч ойлгогдохоор гайхамшигтай энгийн хэрнээ гүн ухаанлаг, эртний домог зүй болоод шинжлэх ухаанлаг сэтгэлгээтэй шүлгүүд тэрлэдэг билээ...
Одоогоос хэдэн жилийн өмнө “Болор цом”-ын тайзан дээрээс гэгээрэхүйн тухай болоод шамбалын орны тухай шүлэг уншиж байсныг нь би мэдэх юм. Нижигнэсэн алга ташилт горьдоогүй түүнийх шиг сайн шүлэгтэй олон хүн тэгсхийгээд унадаг хойно доо. Манай хүний нэр шилдэг 16-гийн дунд байнга л дуулдах хэдий ч хоёрын даваанаас гурван жил дараалан хасагдчихаад байгаа эр. За ингээд олон үг нуршилгүй ажил мэргэжилтэйгээ нягт холбоотой нэр бүхий Сони-гийн 2007 онд хэвлүүлсэн “Бодын сар” шүлгийн түүвэрт орсон шүлэгтэй та бүхнийг танилцуулж байна.



Ганболдын Сонинбаяр
- Яруу найрагч, сэтгүүлч
- Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн.
- Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод төрсөн.
- Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуулийг төгссөн.
- Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилээр дүүргсэн.
- Нийслэлийн “Улаанбаатар” радио, “Улаанбаатар таймс”, “Хонгорзул”, “Алаг хорвоо”, “Ардын төр” зэрэг сонин хэвлэлийн байгууллагад албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.
- Одоо өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд сэтгүүлчээр ажиллаж байна.
- Монголын зохиолчдын эвлэлээс 2002 онд зарласан анхны номын уралдаанд “Сар харанхуй” ном нь шалгарч хэвлэгдсэн.
- 2007 онд “Бодлын сар” шүлгийн түүврээ хэвлүүлсэн.
- Түүний шүлгүүд Монголын Соёл, яруу найргийн академиас эрхлэн хэвлэсэн Монгол, Японы яруу найрагчдын антологид багтжээ.
Хувийн блог хаяг:
http://bodliin-sar.blog.banjig.net/

***

Хавар чинийх, дурлал чинийх
Хачин гунигтай нүдийг чинь яана...
Хагацал чинийх, хардалт чинийх
Халгам, дөлөм уруулыг чинь яана...
Тэврэлт чинийх, энхрийлэл чинийх
Тэсэхийн аргагүй сэтгэлийн чинь яана...
Тэр минийх, чи минийх
Тэвчээр алдсан зүрхээ яана...

2002.04.03


***

Хайр дурлал эндээс эхэлсэн
Харамсах юмгүй, энд л төгссөн
Хардалт, гоморхол, үзэн ядалт
Хамаг бүхнийг
Хаалган цаанаа
Хааж цоожилсон.
Цоргин ширтэх
Цонхны нь цаанаас
Цовоо дуу сонсогдохоо больжээ
Цочин ниссэн ганц шувуу
Цучил мэт хааш цойлно...
Эртний байшинд орхигдсон малгайнд
Энэ шувуу үүрлээ биз ээ.
Эзэнгүй, хуучин байшин
Эль хуль, жихүүцэм
Дээврийнх нь хонгилд дурласан хос
Цуцатлаа үнсэлцэж байгаагүй юм шиг...
Бүхнийг мартсан энэ оромж
Бүрх малгайтай өвгөн хүн шиг...

2002.04.03

***

Свеча горела...
Лаа урссаар.., лаа урссаар... хэмээн
Цаасан дээр
Лавтайяа түмэнтээ бичээд
Надад дурсгасан!..
Тэр олон лааг
Үлээж би зүрхлээгүй
Тийм олон лаа
Үргэлж ассаар байдаг...

2002.07.14-15

***

“Хайр дурлалын минь ертөнц дэх
Цагийн зүү зогсчихсон!..”
... Хамгийн сүүлд
Хавар байсан
Богино зүү нь
Үдшийг заасан.
... Яг ингээд зогчихсон цагаа
Ямагт би цээжиндээ хадгалдаг!

2002.12.27
/01 цаг 27 мин/

***

Миний хязгаар
“Тэнд хүрэхэд
Тэнгэр хоосон”
Тэнгэрийн хаяа хүрэх зам аль вэ?
Тэнд миний хүсэл оршдог
Хүсэл минь ямархан өнгөтэйг
Хүрэхээс нааш мэдэх аргагүй!
Тийм л холийг би зорих дуртай
Тэвчээр минь барагдавч зөвхөн тэмүүлэх!
Зам бүхэн тэнгэрийн хаяа хүрнэ
Заяа тавилан түүнээс өөр
Зоримог хүслийнхээ хаа нэгтээ
Зогссон газар минь ертөнцийн хязгаар!

2003.01.23

***

Хуримын цагаан өмсгөл
Хайр дурлалд зохихгүй
Хундага дарсны даруулга
Илд ч байж ч мэднэ
Гивлүүр, бээлий хэнд ч хэрэггүй
Гил хархан үс үнэтэй
Дундад зууныхан хананы цаана
Амьдарч байгааг
Дуулдах төдий шивнэх бүсгүй
Царай нь тод, харц нь гэгээн
Царс модны сүүдэрт тэврүүлжээ...
Өнөөдөр хорьдугаар зуун биш
Есдүгээр сар!
Өнөөх бүсгүй өмнө минь байнам
Шөнө дунд, ер бусын
Гар дахь бөгжөө харанхуйд шиднэм!
Дөрвөн сар
Намрын эхэн...

2003.09.05

***

Намар болохоос өмнө
Нар буцахаас өмнө
Өдөр шөнө тэнцсэн хойно...
Хайрлах шалтгаан үгүй
Хайрлахгүй байх шалтгаан үгүй
Зүүд уртсаар, бодол богиносоод
Зүс царай чинь бороо болжээ
Үүр шөнийн заагаар
Урт шар хүмүүн болон одох
Өөр төрх, өөр дүр
Өрхний завсраар гэрэл үзэгдмүү!

2003.10.24

***

Амталмаар байна уу?
Дарсыг,уруулыг…
Аль хэдийнэ би
Чихэрт дургүй болсон
Хатууг,гашууныг мэдрэх сайхан
Харь,хохь миний дурлал…
…Хаа нэгтээ гээгдсэн үнсэлт
Хачин амтгүй байсанд гайхдаг
Харцаа буруулж,нүүрээ буруулж….
Хайраа бас…
Хамтдаа мэдрээгүй энэ орчныг
Хайрламаар,таатай байна.
Тэмүүлэн дурлахыг хүснэ үү?
Тэнэглэл,бардамналыг бас…
Дарсыг, нулимсыг
Амсах уу?

2002.03.28

***

Хуримын цагаан өмсгөл
Хайр дурлалд зохихгүй
Хундага дарсны даруулга
Илд байж ч мэднэ
Гивлүүр, бээлий хэнд ч хэрэггүй
Гил хархан үс үнэтэй
Дундад зууныхан хананы цаана
Амьдарч байгааг
Дуулдах төдий шивнэх бүсгүй
Царай нь тод, харц нь гэгээн
Царс модны сүүдэрт тэврүүлжээ…
Өнөөдөр хорьдугаар зуун биш
Есдүгээр сар!
Өнөөх бүсгүй өмнө минь байнам
Шөнө дунд,ер бусын
Гар дахь бөгжөө харанхуйд шиднэм!
Дөрвөн сар
Намрын эхэн…

2003.09.05

4 comments:

Я.Баяраа said...

YARUU NAIRAGCH

Б.Баясгалан said...

сайхан шүлгүүд байна.

Unknown said...

Сони гэдэг ах чинь сонин сайхан шүлгүүдтэй хүн дээ.

sukhzorig said...

mon tolob daruu hun shuu manai Soni... tuun shigee shulguud ni mash saihaan. shine nomiin shulguud ni ulam chambai bolson bna gene bilee..