Saturday, May 15, 2010



Хүсэл мөрөөдөл минь
Хурууны өндгөнд имрэгдсээр
мөлийсөн эрхи шиг
Эрхиний бөөр шиг
Зүрх сэтгэл, хувь тавилан минь
Он жилийн нугачаанд элэгдсээр
гөлийсөн зоос шиг
Зоосны хоёр тал шиг
Оюун ухаан, бодол минь
Урсгал голд хэвтсээр
мөлийсөн чулуу шиг
Чулууны гадаргуу шиг
Зөн совин минь
Шөнөжин орсон борооны дараах
цэлмэг тэнгэр шиг
Тунгалаг агаар шиг
Ариун...
...Тосон ирэх он жилүүдийн салхийг
зүсэн тэмүүлэгч
Улам тунгалагшин нягтарах
Бядан явагч - Хүмүүн


2010.03.13 –нд Сөүл хот


Ойрдоо үзэг цаас /компьюторын ард суулгүй/ нийлүүлэлгүй удлаа. Хаврын уринд хүрзтэй нөхөрлөөд өөрөө өөртөө цаг илүүчилж завдалгүй нойронд автсаар хоног өдрүүдийг барж байна даа. Нөгөө Монгол кинонд гардагчлан уушийн газар халмагдуухан “ЦАГТАА БИ ТА НАРЫН ДЭЭГҮҮР ДАЛАЙН ТӨВШИНӨӨС 1500 МЕТРТ НИСЧ ЯВЛАА. БИ АРДЫН АРМИЙН НИСЭХ ХҮЧНИЙ АНГИЙН СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ НИСГЭГЧ БАЙЛАА...” гэдэг шиг л юм болж байна даа.
Заримдаа бодогддог юмаа. “Ингэж хоёрын хооронд бичигч байснаас бүүр больёо...” гэж тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй л юм чинь дээ. Монголын их утга зохиол над мэтийн шалдан бацаанаар дутна гэх биш, аль эсвэл ямар Янжаа эгчид тунирхаж байгаа биш, хэн ч хүчлээгүй хэн ч гуйгаагүй байхад дур зоргоороо бичиж эхлэсэн 16 насаа буруутгалтай биш. Яалтай ч эд билээ дээ.
Гэхдээ л би өөрийгөө хөгтэй хүн гэж боддог. Тэгж ч амьдардаг нэгэн. Тиймдээ ч сэтгэл зүрхнийхээ үг, уураг тархиныхаа төсөөлөл, хаанаас надад ирдэг нь мэдэгдэхгүй хачин мэдрэмжүүдээ цаасан дээр буулгахгүй байснаараа би өөрөө өөрийгөө л булшилж байна гэдгээ мэдэрсэн.
Ямартаа ч Сүхзориг миний бие бичсээр байгаа...