Sunday, December 5, 2010

Дөрвөн темперамент
/ бүл шүлэг /

Флегматик

Намайг – Хуанлийн хуудас бүртэй инээмсэглэн
мэндчилсээр сэрэхэд
Урд шөнийн оддыг өглөөгүүр цэвэрлэгч эмгэн
шүүрдээд хаячихсныг
Модод юу ч хараагүй дүр эсгэж
Салхи юу ч сонсоогүй мэт исгэрч
Шөнийн явдалыг надаас бүгд нууна...
Шүдний сойз, гарын савангийн оролцоотойгоор
урд шөнийн зүүднээсээ сая нэг салаад
Өвгөн улиас шиг хөгшид хаа нэгтээ нарлаж
Исгэлэн дарс шиг охид хэн нэгнийг хоргоон салхилах
Нууцаар дүүрсэн их хотын урсгалд хөл нийлүүлэн алхалдаг
Өдрийн явдал надад бүгд сонирхолтой...
Намайг – Цахилгааныхаа тоолуурыг түр амсхийлгэн зогсооход
Өвгөн сахиул ороодог тамхиныхаа цогоор тэнгэрийг
хэдэнтээ цоолж ододыг урлана.
Шувууд нисэлдэж, энд тэнд жиргэхээ больж
Хаалга үүд болгон бат бөх цоожлогдоод
Хаа нэгтээ надаас далдуур ямар нэгэн хуйвалдаанд бэлдээд
Шөнийн явдалыг надаас БҮГД нууна...
Намайг - эзгүйд

2010.09.03-нд 01.00 минут Сөүл хот.

Friday, October 29, 2010

Утга зохиолын хүрээнд тэсрэлт болсон 90-ээд оныхны дараагаар гарч ирсэн манай үеийнхэн дунд бүсгүй найрагчид нилээдгүй бий. Гэхдээ их урлагтаа одоог хүртэл үнэнчээр үлдсэн нь тийм ч олон биш. Угаасаа их урлаг, их спорт гэдэг хүнээс ахадсан их ачаа үүрэх, үүрэг хариуцлага мөн олон зүйлээ гаргуунд нь хаяхыг шаарддаг учир эмэгтэй хүнд давхааргүй даваа гэж би боддог. Угаасаа ч тийм жамтай. Тэгж байж гэмээн жинхэнэ бүтээл, жинхэнэ амжилт гарна. За тэгээд манай монголын нөхцөлд цэвэр уран бүтээлээ туурвиад амьдарна гэж юу байх билээ. Иймээс ихэнх уран бүтээлчид маань сэтгүүлзүй хэмээх цаг хугацаагүй албанд зүтгэдэг нь нууц биш. Тэгсэн хэдий ч завгүй бүсгүйчүүд маань уран бүтээлээ туурвисаар л явна. Тэдний нэг Батмөнхийн Чулуунцэцэг. Энэ бүсгүйг би хайрын Хонгорзул сонинд сэтгүүлчээр ажиллаж байхаас нь мэдэх юм. Эртний андууд.
2007 оны намар цаг. Сэтгүүлч, яруу найрагч Б.Чулуунцэцэг "CHUKA" шүлгийн түүврээ хэвлүүлэн номын хуримаа хийж билээ. Нэгэн үдэш дунд зэргийн зоогийн газар "Морин хуур" чуулгын удирдаач Монгол улсын ардын жүжигчин Ц.Батчулуун тэргүүтэй олон зохиолч яруу найрагч, сэтгүүлч, уран бичлэгийн уран бүтээлчид цуглан Чулуунцэцэгт баяр хүргэсэн юм. Түүнээс хойш он жил улирсаар өнөөдөр 2010 он болж. Чука маань ч дахин “Амраг нандин” хэмээх хайрын шүлгийн түүврээ хэвлүүлж. Дан ганц хайрын шүлгээ эмхэтгэсэн гэж дуулаад жаахан өрөөсгөл санагдсанаа нуугаад яах вэ. Яагаад гэвэл уран бүтээлчийн шинэ ном гэдэг өөрөө цоо шинэ ертөнц байх ёстой гэж боддогтой минь холбоотой биз. Харин түүний номын шүлгүүдийг уншиж үзээд бодол маань өөрчлөгдсөн. Хэдийгээр дотно найз нөхдийн холбоотой байсан хэдий ч Чукаагаа хайрандаа шатаж байсныг нь мэдэхгүй өргөөсөн юм байнаа. Тэр болгоноо ямар бидэнд яриад явалтай ч биш дээ. Хүний сэтгэл гэдэг нарийн эмзэг эд. Тэрхүү бүсгүй хүний эмзэг нандин мэдрэмжинд өлгийдүүлж хайрын шүлгэнд мөнхөрнө гэдэг атаархмаар юм шүү. Харин над мэт дэггүй нөхөд Чукаагаар PR-аа хийлгүүлэн хүүхэн эргүүлж байсан маань нэг бус удаа. За ингээд Дорноговийн гэрэлт бүсгүй Батмөнхийн ЧУЛУУНЦЭЦЭГ-ийн “Амраг нандин” номийн шүлгээс та бүхэндээ танилцуулж байна.

Батмөнхийн Чулуунцэцэг

Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн.
Тахиа жилтэй, ихрий орд. Сэтгүүлч мэргэжилтэй.
Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн. Одоогоор ТВ9-д сэтгүүлчээр ажиллаж буй.
“Нэрийн хуудас” нийтлэлийн 2004,
CHUKA шүлгийн 2007,
“Амраг нандин” хайрын шүлгийн түүвэр 2010 онд хэвлүүлсэн.

“Амраг нандин” номоос...


… Нэрийг чинь хүртэл санахгүй нь
Нээрээ би чамтай амраглаж хоносон бил үү
Тэврэлтийг чинь, үнсэлтийг чинь
Тэгээд жаргаж хоносон тухай санагдахгүй л байна
Янагийн дуу шөнөжин аялж хоносон бол
Чамайг би таних л учиртай даа
Яадаг билээ, сайхан байна л гэж
Чамд худлаа хэлээгүй байгаа даа…

# # #


… Дандаа очдог буйдхан зоогийн газрын
Өнөөх л суудаг мухрын бяцхан ширээндээ сууж
Хананд өлгөсөн танил дотно ганцаардсан эмэгтэйн хөрөг шиг
Өрөвдмөөр, гунимаар миний хайр сэтгэл
Энгэр цээж нэлдээ хөндүүр оргиж
Энэлэх, шаналах юу ч гэмээр юм бэ, мэдэхгүй
Огт танихгүй тийм сонин мэдрэмж
Одоо надад байна
Улаан дарс, янжуур тамхи
Уйтгар үргээсэнгүй
Нүүр рүү унжсан урт үс
Нулимс халхалсангүй
Хайрт минь хэзээ ирэх нь мэдэгдэхгүй
Хачин их хүлээсэн сэтгэлийн тэвчээр алдрах нь уу гэмээр өвдөх
Хайрламаар, гунимаар энэ өдөр
Хайрын тухай ярихаас би айгаад байна …

# # #


…Эрин цагийн хавраар босгон дээрээ цэцэг тарьж
Эмзэг турьхан дэлбээн доор нь өөрийгөө би нуулаа
Эргэн хуйлрах салхины өлмий түшиж хорогдох
Ээ дээ, миний тавилан төөрч учирсан хайр ч юм уу даа

Ирэх цагийн хавраар тотгон дээрээ тарьж
Исэлдэн унасан шүүдэр доор нь өөрийгөө би нууна аа
Исгэрэн шуугих салхины тохой түшиж найгах
Ижилгүй ганган хайр ганцхан миний тавилан ч юм уу даа…


# # #


ӨРӨВДМӨӨР…
Улиасны мөчир нахиалж
Хөхөө донгодох нь гайхалтай
Урваад явсан чамаас минь
Хамаагүй үнэтэй санагдана
Голын мөс тас хийж
Горхины чимээ тасрах нь гунигтай
Гомдоож явсан чамаас минь ч илүү
Голын чулуу хүйтэн санагдана

# # #

… Тэнгэрийн хос заадал сунайж тогтсон оддын дундаас
Тэндэхийн охин болж чамайгаа би санана
Оддын дунд цэцэг тарьж, тэгээд би эрвээхэй болно
Онцолж тэр л цэцгэндээ хайрын нулимс гэж нэр өгнө
Санаан зоргоороо би гуалиг туяхан улиас болно
Сартай шөнө сүүдэрт минь чи амрагтайгаа болзохоор
Санамсаргүйхэн ирээд түшиж зогсоно
Саруул тэр л шөнөөс хойш надаас чи салахаа болино
Тунгалаг догшин, уулын жижигхэн горхи болно
Тундрын мөс надаас эх авч туждаа тэгээд хэвээрээ байна
Танхай балмадхан атлаа эгэл даруухан чи надаас ундаалж
Тааламжтайхан тольдож мордохдоо ташуураа унагаад орхих болно
Чамаас би холын холд амьдарна
Чамд би хамгийн ойрхон амьдарна
Чамайг л хайрлаж чадах газар
Би байж л байна…

# # #


… Бичгийн ширээнээ хөглөрсөн
Бэх нь хатаагүй шинэ шүлгүүд
Энэ биений минь тал мэт
Эмх замбараагүй ноорог цаасууд
Дэргэд нь байх хумсны будаг
Дэлгэж тавиад уншихаа мартсан гарын үсэгтэй ном
Дүүгийн минь аягалж тавьсан халуун цай
Дүүрэн жаргалтай орчлонд үүнээс өөр гоёл,
Эрх чөлөө надад байхгүй
Үсний хавчаар, сам, уруулын будаг
Үг, ухаан хоёр тэлэх олон олон номнууд
Үзвэрийн тасалбар, үй зайгүй дуугарах гар утас
Үймүүлж хаяахан нисгэдэг цаасан шувуу
Сүсэглэж зүүн гартаа байнга зүүдэг эрхи
Сүмд очиж сан тавиулахдаа авсан цаасанд боодолтой арц
Гардаг гардаггүй шинэ хуучин үзэг балнууд
Гарцаагүй миний араншин, үүнээс өөр уянга,
Тансаг орчин надад байхгүй
2008 он

# # #


… Нээрээ хоёулаа оргож үзье
Нэг насаараа биш ээ, хэсэгхэн зуур л оргоё
Нэмнээтэй тором эхийгээ дагаж шогшдог
Нэлмийсэн хөх говийн заг бүхнээс нуугдаж оргоё

Нээрээ хоёулаа оргож үзье
Нэг дэхийн хурлыг мартаж, ээлжийн амралтаа авая
Хаалга тогшиход хачин их эмээн, хамтдаа гэмшиж
Хана туурганаасаа нуугдан хөнжил доогуураа шургая

Нээрээ хоёулаа оргоё
Нэргүй захидал хэн нэгэнд хаяаглаад шууданд хийе
Хүслээ дагаж, ичиж зовохгүй нялуурч
Хүний нүднээс далдуур амраг хоёр шиг жаргая

Он солигдож байна
Одоо л хоёулаа оргоё
Хүн бүхэн хөөрч догдолоод, бид хоёрыг ажихгүй
Хөл хөдөлгөөн дундаас нь биеэсээ сугалж оргоё

Тэгээд л тэнгэрийн хаяа руу онгоц жолоодож
Тэврэлдэж, озолдож, тэнхэлээ барж
Талбиун, давилуун насныхаа ааг омгийг гайхуулан
Тааламжтайхан оргоё
Явъя
Яг одоо оргоё…

Wednesday, October 27, 2010



Зураач Энхбатын Цолмонбат. Миний блогоор цаг зав гарган зочилж яруу найрагчийн бичил ертөнцөөр минь аялагч уншигч нартаа би уран зургийн гоо сайхны мэдрэмжээсээ хуваалцах гэж гэрэлт андаа ятгаж дөнгөсөн билээ.

Бид хар багын хоёрдугаар 40.000-тын гудманд дунд тоглож өссөн нэг ангийн хүүхдүүд. Хотын төвд ах нарыг дагаж урлагт татагдсан унаган улаанбаатарын бацаанууд. Орцонд гитар тоглох ах нарын нөлөө ч тэнд байж мэдэх.

Гэхдээ үүнийг цэвэр орчны гэхээсээ илүүтэйгээр суурь хүмүүжилийг маань төлөвшүүлсэн ангийн багш Жаргалсайханаас минь үүдэлтэй болов уу гэж мунхаг миний бие боддог юмаа.



25-хан хүүхэдтэй нэг ангиас “Night train” хамтлагын М.Цэцэнбилэг, "BIG" entertainment-ийн захирал З.Батболд, Э.Цолмонбат нарын тэргүүтэй соёл урлагын 5-6 хүүхэд төрсөн нь энэхүү бодлыг маань батлах мэт. Мань мэт нийлээд юу эсийг хийв дээ.
Цолмон маань Монгол Улсын цирк гэдэг цэнхэр дээвэртэй лут том айлын ганц зураач нь гэж байгаа. Манай хүний ажил мундахгүй ээ тайз, жүжиг ангийн хувцас загвар, ардын хувьсгалын ойн наадмуудын загвар эскиз, “Болор цомын” тайз чимэглэл, өөрийн уран бүтээл, өрөөл бусдын гуйлт, манай зохиолчдын номын чимэг зураг, дизайн халтуурын ажил гээд ажил мундахгүй. Хажуугаар нь яаж мань мэттэй шар айраг уух зав гаргаад байдгыг нь ойлгодоггүй юм.



"Амин хэлхээ" 130х140

Э.Цолмонбат ану 2001 оны СУИС-ийн Дүрслэхийн дээдийн бүтээгдэхүүн.
2002 оны 06-р сард МУЭ-ийн хорооноос зохиогддог “Монголын сайхан орноор” үзэсгэлэнд “Юан хатан” зургаар оролцсон.
2003 оны МУЭ-ийн зохион байгуулдаг “Хавар” үзэсгэлэнд “Эмэгтэйн хөрөг” бүтээлээр оролцсон.
2004 онд “Монгол эмэгтэйн дүр төрх” сэдэвт үзэсгэлэнд “Халх эмэгтэйн хөрөг” уран зураг нь түрүүлсэн.


2004 онд МУЭ-ийн хорооноос зохиогддог “Хавар”-ын үзэсгэлэнд “Салхин санаа” нэртэй том хэмжээний бүтээлээрээ амжилттай оролцсон.
2005 онд Европын улс орнуудад Монголын Урлагийг бсурталчилах үзэсгэлэнд “Үлгэр хүүрнэх цаг”, “Сүүлчийн тэнгис” сэдэвт монгол зургаараа амжилттай оролцсон.
2006 онд “ЦЭГ ЦЭГ ТАСЛАЛ” нэртэй өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг “Чингис арт галерей”-д гаргасан.



"Би салхин чимээ" 50х70

2006 оны 8-р сард Францын Сант-Авенью хотод зохиогдсон монголын зураачдын хамтарсан “Монголын салхи” нэртэй үзэсгэлэнд уран бүтээлээрээ тухайн орны үзэгчдийн анхаарлыг татаж Монголын соёл урлагийн тухай өндөр сэтгэгдэл үлдээсэн юм.
2007 оны “Хавар”-ын үзэсгэлэнд “Юан эмэгтэй” сэдэвт модерн уран зургаар оролцсон.
2008 оны “Хавар”-ын үзэсгэлэнд “Хаврын дурсамж” сэдэвт модерн уран зургаар оролцсон. Уг зураг нь Японы “NHK” телевизийн Ерөнхий захиралын цуглуулганд орсон.
200 оны “Хавар”, “Намар”-т “Амин хэлхээ””Би салхины чимээ” сэдэвт модерн уран зургаар оролцоод амжжээ.
Иймэрхүү жагсаалт хөврөх байнаа. Энэ бол миний чадан ядан цуглуулсан жагсаалт болно."Би санааны чимэг" 50х70

2009 оны 12-р сард Э.Цолмонбат маань Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан аж. Баяр хүргэе анд найздаа.
“Залуу хүмүүст хийх /надад ч хамаатай/ ажил их байнаа. Цагын эртэд хамтдаа зам дөхье...
Анд минь.” Найз маань блогтой болжээ.
Та бүгд заваараа орж саатаарай. http://www.tsolmonbat.blogspot.com/