Sunday, December 5, 2010

Дөрвөн темперамент
/ бүл шүлэг /

Флегматик

Намайг – Хуанлийн хуудас бүртэй инээмсэглэн
мэндчилсээр сэрэхэд
Урд шөнийн оддыг өглөөгүүр цэвэрлэгч эмгэн
шүүрдээд хаячихсныг
Модод юу ч хараагүй дүр эсгэж
Салхи юу ч сонсоогүй мэт исгэрч
Шөнийн явдалыг надаас бүгд нууна...
Шүдний сойз, гарын савангийн оролцоотойгоор
урд шөнийн зүүднээсээ сая нэг салаад
Өвгөн улиас шиг хөгшид хаа нэгтээ нарлаж
Исгэлэн дарс шиг охид хэн нэгнийг хоргоон салхилах
Нууцаар дүүрсэн их хотын урсгалд хөл нийлүүлэн алхалдаг
Өдрийн явдал надад бүгд сонирхолтой...
Намайг – Цахилгааныхаа тоолуурыг түр амсхийлгэн зогсооход
Өвгөн сахиул ороодог тамхиныхаа цогоор тэнгэрийг
хэдэнтээ цоолж ододыг урлана.
Шувууд нисэлдэж, энд тэнд жиргэхээ больж
Хаалга үүд болгон бат бөх цоожлогдоод
Хаа нэгтээ надаас далдуур ямар нэгэн хуйвалдаанд бэлдээд
Шөнийн явдалыг надаас БҮГД нууна...
Намайг - эзгүйд

2010.09.03-нд 01.00 минут Сөүл хот.