Tuesday, March 2, 2010


Амьдрал үгүйсгэгч
Ширээн дээр гарж суугаад
Ширтэн байгаа бүхнээ кино гэж нэрлээд
Шүлгийн дэвтэрээ сөхөн нүд минь “БИ БИШ” биш гэж бичив
Сайн сайхныг хүсэгч
Сахалаа имэрэн зогсохдоо
Сонсож байгаа бүхэн минь хэзээ ч дугараагүй хөгжим гэж нэрлээд
Сэтгэл дотроо чих минь “БИ БИШ” биш гэж сийлэв
Цаг хугацааг үхүүлэгч
Цагаан цаас дэлгэн ширтээд
Хамарт минь үнэртэх бүхэн
Хаа ч байхгүй зүйл гэж нэрлээд
Халаасаа тэмтрэн хамар минь “БИ БИШ” биш гэж бувтнана
Төгс төгөлдөрийг мөрөөдөгч
Түмэн зовлонгоо тэнгэрт яриад
Хэлж байгаа бүхнээ хэрмэл салхины чимээ гэж нэрлэн
Харцан дээрээ хэл минь “БИ БИШ” гэж тэмдэглэв
Оргүй хоосоны эрэлчин
Орчлонгын буланд завилж суугаад
Амьсгалж байгаа махан биеээ
Маргааш унтарах машин гэж нэрлээд
Бие минь лав “БИ БИШ” гэж бодон нүдээ анив
Амар амгалангын элч
Анисан нүдээрээ ододыг ширтэн
Мэдэрч буй бүхэн минь “үнэн” гэж нэрлээд
Би од гаригсын тэнүүлч гэж
Солирын гэрлээр
Сарны магнайд бичиж үлдээв .

2010.2.15 korea bucheon

0 comments: