Tuesday, October 5, 2010

Бөхшүүлэн ханиалгах өвгөн шиг бүүдгэр өдөр гадаа гудамжинд наадах бяцхан жаалуудын цангинаант дуу хоолой, салхивчны цаанаас зөвшөөрөлгүй гэрт орж ирэх бор шувуудын жиргээ аль аль нь ч үгүй аниргүйд /эсвэл бороон дуслын жигдхэн хэмнэлд/ дулаан хөнжилдөө хөгжим сонсонгоо ном уншиж хэвтэх сайхансан. Мэдээж хуучины дуу байвал бүр илүү кайфтай юм шиг. Хамгийн хийх дуртай энэхүү назгайралаа өнгөрсөн долоо хоногт би хийв. Эртний Чусон нутгийн уйлагнасан бороотой жихүүн хоёр хоног би дээрхийн нэгэн адил хөгжим тавиад ном барин хэвтлээ. Компьютор дээрх нөгөө л нэг Beatles, Kurt Cobain-ний unpplugged, Radiohead-ийн дуунуудаа тавиад “Хамаг залуу нас”, “Цас навчны шүлгүүд”, “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Дэлхийн тайлагдашгүй 100 нууц” гэх мэт номуудыг харж хэвтлээ. Бага байхад зусланд /Шарга морьтын ам/ яг ийм өдөр ижийн минь хайрж өгдөг хуушуур эсвэл банштай цайны үнэр хамар цоргих шиг болсон. Магадгүй гэрээ санаж байгаа юм байлгүй дээ. Тэртээ 90-ээд оны сүүл рүү төө зайгүй найзууд мөр мөрөө хөөж одсоны дараа юмны учир ойлгох дээрээ ирсэн юм байлгүй ганцаараа байхыг илүүд үздэг болсон цаг санагдана. Яг ингэж хэвтдэгсэн. Тэр үед Nirvana, Gun’s & roses, “Хүн судлал”-аар өвчилчихсөн байж билээ. Өвчин маань улам даймжирч Виктор Цой, Pantera, Aerosmith, Phil Colins, Metallica болоод “4 биш 4”, “Балчир шүлгүүд”, “Ганцаардалын дасгал”, “Залуугийн бадгууд”, “Нисэлт” гээд мөн их үргэлжилсэн дээ. Хичнээн ч их нэрс үргэлжилэх бол оо. Мөнөөх өвчин маань илаарших биш улам даамжирч байгаа юм байна гэдгээ ч мэдэрлээ. Дашзэвгийн Мөнхтөр ахын тухай болоод уран бүтээлтэй тэр л 90-ээд оны үед дам сургаар танилцаж байсан минь санаанд тодхон. ШУА-ын ажилтан дээд тооны багш Ч.Мөнхболд, Ч.Гантөмөр нарын амнаас сонссон хэзээ нэгтээ зүүдэлсэн зүүд шиг минь үгүй бол цээжин дотроос минь товших гарын чимээ болоод чихэнд минь шивэгнэх өвгөдийн хачин нууцлаг яриаг санагдуулам “Хамаг залуу нас” шүлэг байлаа. Энэхүү шүлгийн эзэнтэй танилцах хувь надад бүхэл бүтэн 10 жилийн дараа тохиож билээ. Хэдийгээр удаан хугацаанд Д.Мөнхтөр ахтай дотносож нөхөрлөж амжаагүй ч гэсэн “Хамаг залуу нас” шүлгийн түүвэр нь өнө эртний танил эерэг дулаахан мэдрэмж, гайхамшигт шүлгүүдээрээ намайг дулаацуулан урам зориг өгсөн хэвээрээ. Хүний нутаг гүний хошуунд байгаа надад “Эрхэм дүү Г.Сүхзоригтоо эх газраас нь өргөв. Д.Мөнхтөр. 2010.04.29 УБ хот” гэсэн ахын гарын үсэгтэй явуулсан ном нь бий. Цаг хугацааны эргэлтгүй урсгалаас зайлсхийн жижигхэн өрөөндөө хоргодон нуугдаж өнгөрүүлсэн хоёр хоног. Амьдралын минь хоёр хоног. Юутай кайфтай... За ингээд яруу найрагч Дашзэвгийн Мөнхтөр ахтай та бүгдийг танилцуулъя... Намайг яруу найрагт уруу татсан гайхамшигт шүлгүүдийн нэг “Хамаг залуу нас”-аар эхлэе. /урд нь энэ шүлгийг блог дээрээ тавьж байсан. Архивт байгаа хэдий ч уншаад уйдахгүй шүлэг учир дахин оруулав./

ЗАЛУУ НАС

“Хаврын шөнө” вальс …
“Хаврын шөнө” вальс …
Хатингар гар ширээ товшиж
Хаа нэгтээ рүү галт тэрэг хурдална
Хачин нууцлаг аминч яриа эхэлнэ …

Хүүхдийнх шиг, эрүүл бусаар нүд нь гялалзавч
Хүчирхэг ариун залуу насаан дурсацгаавч
Хайртай гэх үг тэндээс үл сонсдоно
Хацар уруул энд утга үл агуулна

Халуун залуу насны зүг зовонгуйхан ширтэнэ
Хагацах мэт шүүрс алдацгаана …

Хатингар гарт харин, энэ бүхэн хамаагүй
Утгагүй
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно…

Халмаг хөгшдийн залуу нас
Халуун залуу найрагчийн
Өтөл насыг өрөвдөнө, хайрт минь

“Хайран залуу нас минь
Хаашаа чи однов?” хэмээн
Халмаг хөгшдийн өтөл нас
Хайрын дуу зохионо

Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно оо…

Харин мөнөөх, омогт хатингар гар л
“Хаврын шөнө” вальс…
Хаврын шөнө… хэмээн
Ханз ширээ товшсоор одох нь сонсдоном…

1993.05.05 Мандал – Түнх өртөө

Зүүн гар талаас Д.Цогбадрах найрагч, Д.Мөнхтөр найрагч
Эрхэм найрагч Б.Баясгалан дүүгийн блог дээр нийтэлсэн зургийг ашиглав.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Д.Мөнхтөр
1964 онд төрсөн, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул. 1982 – 1987 онуудад МУИС–ийн НУФ–ийн философийн салбарт суралцан төгсгөсөн. 1987 – 1991 онуудад Ховд дахь БДС-д багш, 1991 оноос одоог хүртэл МУИС-ийн Социологи - Нийгмийн ажлын тэнхимд багшилж байна. Турк улсын Анкара хотноо докторантурт суралцсан.
1980-аад оны сүүл үеэс уран бүтээлийн гараагаа эхэлж яруу найргийн “Цаг –мөрний эрэгт” /1991/, “Гэрэлт өдрүүд” /1994/, “Хамаг залуу нас” /2009/ түүврүүдээ хэвлүүлсэн байна.
Түүний шүлгүүд 1990-ээд оны эхээр Утга зохиол урлаг, Зохист аялгуу, Ил товчоо, Билгүүн судар зэрэг сонин хэвлэлд, түүнчлэн Монголын уран зохиолын дээжис 108 боть(1994), Монголын уран зохиолын дээжис есөн ботид (2007) тус тус тавигджээ. Мөн 2006 онд Дэлхийн Яруу Найрагчдын 26-р Конгресст зориулан англи хэлээр хэвлэгдсэн “Дэлхийн яруу найргийн цоморлиг – 2006” (Anthology of World Poetry – 2006) хэмээх номонд шүлэг нь хэвлэгджээ.
Д.Мөнхтөр яруу найргийн зэрэгцээгээр орчуулгад хүч хөдөлмөрөө зориулж буй бөгөөд одоо Туркийн яруу найрагчдын шилдэг шүлгүүдийг эх хэлнээс нь сорчлон орчуулснаа эмхэтгэн “Туркийн яруу найргийн дээжээс” хэмээх ном хэвлэлд бэлтгэж байна.

ХАМАГ ЗАЛУУ НАС


“Сущность дерева не является деревом, которое можно встретить среди других деревьев...” Мартин Хайдеггер

1.

Хамаг залуу нас минь
Хаалгаар гараад явлаа
Хайр гуниг хоёр минь
Хамтдаан хөтөлцөөд одлоо

Үүдээн түгжиж суугаад
Өтөл насны тухай
Өвлийн үдшийн тухай,
Хамаг залуу насныхаа
Хайр гуниг хоёроор
Өдрийн тэмдэглэл бичихээр
Өврийн дэвтрээ сөхнөм
Өрдсөн галын дэргэд суунам

Сэтгэлд өрдсөн гал
Зуухны галаар солигдоод...
Сэмхэн намрын улирал
Уулсын хоолойд мананшаад...
Заяаны ганц амраг
Залуу насыг минь энхрийлээд...
Замын хүний араас
Заам энгэр урагдаад...
Ай хөөрхий миний
Алиахан залуу чиг нас минь
Алтанхан нарыг чиг
Алгаараан хаалтай бил үү

2.

Залуу нас минь одоо
Замд яваа
Зандарч аргадаад нэмэргүй
Хол одоо
Түүний оронд харин
Түлхүүр үгээ санах минь
Сэрэх минь ...


Омголон залуу явахдаа би
Хэнд ам өглөө?
Орон гэрээ орхин
Юуг зорьж явлаа ...

Санах минь сэрэх минь
Үл мартах минь!
Холын замдаа гарсан
Холчирхон залуу нас минь

3.

...Үүд хүчтэй угзарлаа
Өдрийн тэмдэглэл хийслээ
Хамаг залуу нас минь
Хаалгаар ороод ирлээ

Өвгөдийн хууч, хөвүүдийн омог...
Хамаг залуу нас минь
Эмгэдийн зүүд, охидын гялбаа...
Хайр гуниг хоёр минь
Хамаг залуу нас минь

Үүд хүчтэй угзарлаа
Өдрийн тэмдэглэл хийслээ!

1994.12.29 Улаанбаатар 1995.09.09 Анкара


* * *

Амраг минь над гараа өг
алганд чинь хувь заяаны минь зураг бий
Төөрч туулж явсан зам харгуй, манан будан бий
оройтсон хоногууд бий
төгөлдрийн тухай ойлголт, ганц навчны гуниг бий
охины минь ааш, нүднийх нь харц бий
орь залуу насны минь хүсэл зориг бий
Амраг минь над гараа өг
алганд чинь хувь заяаны минь зураг бий...

1995.09 сар

* * *

Намайгаа чи минь уучилж чадах уу
намрын борооноор оройтвол
намбагүй загнавал,
унасан навчсын тоогоор
уйтгарлавал...
Уучилж чадах уу амраг минь?

Намайгаа чи минь уучилах юм байна
намрын борооноор оройтвол
намбагүй загнавал,
унасан навчсын тоогоор
уйтгарлавал...
уучилах юм байна
урьдынх шигээ хайрлах юм байна

Харин би чинь чамайгаа
хаврын борооноор оройтвол
уучилж чадах болов уу амраг минь
Урин цагт татагдвал чинь!

1996.03.01

* * *

Мод хөрөөднө
Шаазгай шагширна
Шилмүүс ханхална

Шаргалхан үртэс...
Өдөр хоног мэт цацагдана
Амьдрал – ургаа мод
Хөрөө мэт цаг хугацаа.

Мод хөрөөднө
Шаазгай шагширна...

2000.05.24


* * *


Аяа
Харанхуйг хүснэм
Харанхуй чи юунд
Хачин тод гэрэлтэнэ вэ
2005 он

* * *

ЗҮДҮҮХЭН ОРЧЛОНД

...Тас шавхсан лонх, хатсан талх
Тамхины иш, асгарсан цай...
Эзгүйрч хөглөрсөн ширээний ард би
Эрүүгээ тулан цор ганцаар гиеүрнэм

Шинийн наймны тэнгэр миний л ижил ганцаардаж
Шилэн цонхны цаанаас тал саран асгарна
Саная л гэвч, санаанд юу ч эс орно
Сая л энд, хөхрөлдөн байсан минь зүүдний мэт ээ...

Хувилгаан найрагчдыг амьдаар нь булсан
Хуурамч инээд шатаар сэрүү татуулан урсахуй
Хөлгөн их Явуугийн сар хөвсөн цөөрөмд
Хөөрхий “согтуу” Ли-Бай дахин живэх нь гаслантай

Зэргэлдээ өрөөнөөс эртний Хятадын
Хайрын аялгуу сүлэлдэн гиншиж
Зэврүү даасан бэлбэрхий зүрхнээ
Харь гуниг хоргодно

Саная л гэвч, санаанд юу ч эс орно
Сая л энд, хөхрөлдөн байсан минь зүүдний мэт ээ...

1990.12.27

* * *

Хүн амьсгал хураах шиг
хүнд үг бүү хэл
ганц цэнхэр цэцэг шиг
ганган үг бүү ярь
жирийн байх чинь үнэтэй
жингэнэсэн шаргал хонхнууд минь!

Зүрх минь зөөлөн юм
зүсээд тавьчих болох
алим юм
сэтгэл минь эмзэг юм
сэнгэнэсэн шинэ цасны
амьсгал юм

Алим зүссэн хутганд
анхилуун үнэр үлддэг
зүрх зүссэн үгэнд
зүүний үзүүр хугардаг
хэтэрхий битгий магт
гэхдээн бүү хуур
хэрэг болсон үед
ганц үг хэл!

Үгэнд дунд живэвч
үгний эрэлд хатнам
чулуун дундуур жирийлгэвч
чулууны эрэлд хатнам...

1995.09.26

* * *

Ангийн анд Ч .Баярсайханы дурсгалд


Утасны минь санамжаас
Нэгэн дугаар ариллаа

Уйлж,
“Үүрд дурсана” гэсэн
Өчигдөр

Утасны чинь дугаарыг
Өнөөдөр
Арилгаж суунаа анд минь!

Уйтай энэ өдрийг
“Үүрд” санах болно

Утасны минь дугаар энэ хорвоогоос
Арилах өдрийг хүртэл...

5 comments:

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...

хүүе ээ хүн яг Мөнхтөр ахаар өвчилчихөөд байхад мэдсэн юм шиг та ийм гоё бичлэг оруулсан байдаг үгүй мөн гоё тохиол оо хэхэ.. Би сүүлийн хэд хоног Төв Азийн яруу найргийг тэвэрч хэвтээд тэндээс сувд шиг хэдэн шүлэг шүүрдсэний ихэнх нь Туркийн яруу найрагчдын, Мөнхтөр ахын хөрвүүлсэн шүлгүүд байдаг.... Туркийн яруу найргийн дээжис ном нь хурдхан шиг л хэвлэгдээсэй билээ.

Ц.Гончиг said...

Багшийнхаа шүлгүүдийг уншиж суухад өөрийх нь шүлгэлсэнчлэн
"...Гөлөглөж буй нялх бургаас дэрлээд Гөрөөсний янзага шиг унтмаар болдог..." юмдаа
зил машины бүхээгт, задгай түүдгийн дэргэд... цастайд бороотойд... шаргын нуур, өгий нуур, цагаан нуур ажирагын голд... сартай шөнө шүлгийг нь сонсож явсан нь зол минь юмдаа... оюутан цагийн бүх сайхан дурсамж сэдрэв... баярлалаа

Anonymous said...

Bayarlalaa Sukhzorigoo, bayarlalaa zaluusaa,uuriinhuu talaarh iimerhuu setgel gargasan bichlegt dasaagui nadad nuur haluun orgimoor ch yum shig, esvel bayarlah ch shig... Ene buhen minii sain saihniih geheesee yaruu nairag uran buteel hemeeh munhiin goo uzesgelent id shidiinh yum daa. Unuu ugluu Ulaanbaatart tsas neg ih saihan bargasnaa bagasav.

Anonymous said...

Italy, Czecheer yavj bgaad sayahan ireed l Net uhah zav garav.Sukhzorigiig heleheer