Набоков Петербург хотноо үе улирсан сурвалжит тайж гаралтай гэр бүлд төржээ. Набоковынхан Английн соёл иргэншлийг шүтэн бишрэгчид байсан тул тэрбээр бүр багаасаа англи хэлийг оросоосоо илүү сурснаас, эцэг нь төрсөн нутагтаа байгаа хүүдээ эх хэлийг нь заалгах гэж орос хүмүүжүүлэгч авч байсан гэдэг.
1917 онд тогтсон коммунист дэглэмд дургүйцсэн тэднийхэн 1919 онд харьд дүрвэн гарахад, Европын хэд хэдэн хэл мэддэг Владимир Кембрижийн их сургуульд орж, францын уран зохиолыг судлахын зэрэгцээ эцгийнхээ нөлөөгөөр шавьж судлалаар оролдож, сүүлдээ бүр судалгаа шинжилгээний ажил хийх болсон байна.
Набоков 1922 оноос Берлин хотод шилжин суурьшаад уран зохиолын орчуулга хийж, өөрийн шүлгийн номуудаа хэвлүүлж эхэлсэн юм. Тэрбээр 1937 онд Гитлерийн Германаас дүрвэн гарч, Парист очих үедээ
• Машенька (1926)
• Ноён хатан боол (1928)
• Лүжиний хамгаалалт (1929-1930)
• Туршуул (1930)
• Гавъяа (1932)
• Кино зургийн өрөө (1932-1933)
• Цөхрөл (1934)
• Цаазлах ялд урьсан нь (1935)
зэрэг роман, мөн өгүүллэгийн түүврээ оросын цагаачдын "Өдгөө цагийн тэмдэглэлүүд" сэтгүүлд нийтлүүлэн нэр хүндтэй зохиолч болоод байв. Парист сууж байх үедээ "Авъяас" романаа хэвлүүлсэн. Гэтэл Парисийг нацистууд эзлэн авсан тул 1940 онд АНУ-д шилжин суурьшжээ.
Энэ бол Набоковын хувьд Оросын зохиолч байсан хамгийн сүүлчийн жил бөгөөд 1940 оноос англиар бичдэг америкийн зохиолч болсон юм. Тэрбээр 1940 он хүртэлх зохиолоо Владимир Сирин гэсэн нууц нэрээр хэвлүүлж байв.
Набоков Америкт ирсэн эхний үедээ бүхий л цагаач иргэдийн адил аль олдсон ажлаа хийж, бас дутагдах гачигдахын зовлонг амсаж явжээ. 1948 онд Карнегийн их сургуулийн профессор болж, Оросын уран зохиолын талаар цуврал лекц унших зуур Пушкин, Лермонтов, Гоголийн зохиолоос англи хэл рүү орчуулж байсан.
Набоков 1955 онд жаал охинд сэтгэл алдсан насанд хүрсэн эрийн тачаангуй хүслийн тухай өгүүлсэн "Лолита" романаа хэвлүүлсэн байна. Энэ романыг нь уран зохиолоос сургаал номлол хайдаг судлаач шүүмжлэгч нар ужид самуун явдал, хуял тачаалын зохиол хэмээн угтсан боловч чухам энэ л роман түүнийг дэлхийд алдаршихын эхийг тавьсан байдаг. Хоёр жилийн дараа амьдрал ахуйгаа төвхнүүлж эс чадсан Оросын цагаач, профессор Пниний тухай өгүүлсэн "Пнин" романаа бичжээ.
Набоков 1960 онд дахин Европ руу буцаж, амьдралынхаа сүүлийн 17 жилийг Швейцарид өнгөрүүлжээ. Тэнд байхдаа Сүүмгэр гал (1962), Ада буюу гал халуун хүслэн (1969), Алиа салбадайг хараач (1974) зэрэг романаа англиар туурвиснаас гадна, урьд бичсэн зохиолуудаа англи хэл рүү орчуулж, Пушкиний "Евгений Онегин"-ийг англи хэлнээ үргэлжилсэн үгээр гайхамшигтай сайхан гэсэн олны дүгнэлттэйгээр хөрвүүлэн, дэлгэрэнгүй тайлбар хавсаргаж хэвлүүлжээ.
Хуримын аялалаас буцаж ирсэн нь
Келлерийнхэн театраас оройтож гарчээ. Тэнгэр нь яльгүй сүүмгэр энэ нам гүмхэн герман хотод голын уснаа наймдахь зуундаа бидэртэн тольдогдож буй сүмийн дүр зурэг сэрүүхэн салхитай хоршоод Вагнерийн хөгжмийг чихнээ улам ч наалдацтай болгох аж. Келлер театраас гараад цагаан дарсаараа тун ч зартай уушны чамин газар эхнэрээ дагуулан оржээ. Шөнийн хоёр цаг болсон хойно л сая тэдний суусан машин унтаа гудамжаар сүнгэнэн давхисаар аятайхан харшийн төмөр хайсанд тулж зогсов. Келлер гээч энэ, гадаад төрхөөр ерөнхийлөгч Крюгертэй маш адилхан, янхигар хөгшин немц эр түрүүлэн буухад, дэнлүүний саарал гэрэлд моддын навчис чичрэгнэн үзэгдэнэ. Гэрэл Келлерийн цардмал энгэр болон араас нь бүдүүн хөлөө зөөж ядан бууж ирэх эхнэрийнх нь даашинзны гялгар хошмог дээр тусна.Үүдний өрөөнд гүйхээрээ гарч ирж тоссон үйлчлэгч эмэгтэй тэдэнд Чорб ирснийг эмээнгүй шивэгнэн дуулгав. Варвара Климовна Келлерийн мяраалаг хэвээрээ байгаа байгаа булцгар нүүр догдолсондоо чичигнэн улайж, -Тэр охиныг маань өвдсөн гэж байна уу? гэлээ. Үйлчлэгч улам аяархан хариу шивнэв. Келлер баривгар том алгаар босоо буурал үсээ илэхэд мичнийхэрхүү гүдгэр, гүн үрчлээст нүүр нь өвгөдөд л ажиглагддаг янзаар сул хөдлөв. - Маргааш хүртэл хүлээж чадахгүй нь. Хоёулаа одоохон тийшээ очьё. Ээ, Бурхан шүтээн минь... Зүгээр болоод л, бүтэн сар захидал бичээгүй байв гэжүү? хэмээн Варвара Климовна дороо түүртэнгүй эргэлдэх зуураа амьсгаадан үглээд улбар хүрэн хиймэл үсээ даруулж тогтоосон сиймгэр алчуурыг арайхийн барьж авлаа. Келлер зангидсан гараар бортгон бүрх малгайгаа засангаа, төвөнхөөрөө дуугардаг яг таг орос хэлээрээ: - Тэр хүнд өөрийн гэсэн ухаан алга аа. Хэрэв эхнэр нь өвчтэй юм бол, яаж тэр өмхий зочид буудал руу ахиад аваачиж чадаж байна аа? гэв. Охиноо өвчтэй байгаа хэмээн тэд эндүүрсэн хэрэг л дээ. Зарцад ийн хэлэх нь Чорбод хавьгүй амар байсан болохоор л тэгээд хэлчихсэн юм. Үнэндээ бол тэр хилийн чанадаас ганцаар буцаж ирсэн бөгөөд эхнэр нь хэрхэн амиа алдсан, яагаад тэр энэ тухай юу ч бичээгүйгээ яаж тайлбарлахаа л гагц бодож явлаа. Энэ бүхэн даанч хэцүү ажээ. Уй гашуугаа хөндлөнгийн хэнтэй ч хуваалцалгүй нэгэн биеэрээ амсаж өнгөрөөхийг хүссэнээ яаж ойлгуулна даа? Цэвэр, хурц гэрэл гаргадаг чийдэнгийн цахилгаанд цохиулж нас барсан эхнэрийнх нь үхэл нэн ховор, бараг дуулдаж сонсогдоогүй тохиолдол байлаа. Хаврын налгар өдөр Ниццагаас арваад бээрийн зайд, цагаан зам дээр, эхнэр нь цахилгаан гүйдэлд амь орчихоод байсан гэрлийн шонд инээмсэглэн байж гар хүрсэн тэр цагаас л хойш Чорбын хувьд бүхий л хорвоо ертөнц холдож салаад явчихсан бөгөөд, ойролцоох тосгон хүртэл гар дээрээ өргөн аваачсан эхнэрийнх нь амьгүй цогцос ямар нэгэн харь, хэрэггүй зүйл мэт санагдан байжээ. Түүнийг оршуулах ёстой байсан Ниццад харахаас зэвүүн лам чухам юу болсныг тодорхой мэдэх гэж дэмий баахан шалгаахад Чорб дүйнгэхэн инээвхийлээд, өдөржин эргийн элсэн дээр хоёр алгандаа өнгө өнгийн хясаа сэлгэн асгаж суув. Тэгснээ гэнэтхэн, оршуулах ёслолыг ч хүлээлгүй, хуримын аялалаа хоёулхнаа өнгөрүүлсэн тэр л бараан газруудаар дамжин Герман руу буцжээ. Өвлийг хамт өнгөрөөсөн Швейцарт нь одоо алимын мод цэцэглэж гүйцээд байсан ч, тэрээр зочид буудлуудаас өөр юуг ч анзаарсангүй. Гэхдээ намар цагаар дайрч гарсан Шварцвальдад хүйтэн хавар болж байсан нь түүний дурсамжуудыг бүдгэрүүлсэнгүй. Өмнөд нутгийн эргийн элсэн дээрээс тэр эхнэрийнхээ хамгийн сүүлд, зугаалахын өмнө олоод үзүүлж асан тэр л дугариг, гоёмсог цагаан судалтай хар хясааг олохыг хичээж байсан шигээ зам зуураа түүнийхээ дуу алдан харж явсан онцгой хад, мөнгөлөг цангаар хайрс мэт хучигдсан бяцхан байшин, бараан гацуур, цагаан голын дээгүүрх жижигхэн гүүр, утасны шонд гэрэлтэн үзэгдсэн аалзны торыг яг тийн хайж явлаа. Эхнэр түүнийг хаа сайгүй дагаж, урт түрийтэй гутлаараа түргэн түргэн алхахдаа нэг бол бутнаас навч таслан авч, нэг бол хажуух хадан ханыг илбэн, бяцхан гавшгай гар нь ямагт завгүй явсан сан. Түүнд эхнэрийнх нь ов тов сэвхтэй жижигхэн нүүр, том, цайвар ногоон нүд үзэгдэв. Цугтаа байхдаа олж харсан энэ бүх жижиг сажиг зүйлийг эргэн санаж чадах юм бол, эхнэрийнх дүрийг мөнхөд орлох юм шиг л Чорбод санагджээ. Гагцхүү шөнийг л тэсвэрлэн өнгөрөөх хэцүү байлаа... Шөнийн цагаар мөнөөх санаандаа амилуулсан дүр нь гэнэтхэн аймшигтай санагдаад, гурван долоо хоногийн энэ ёрын аялалын туршид тэр бараг л унтсангүй. Одоо эхнэртэйгээ учирч, сүй тавьсан энэ нам гүм хотод өнгөрсөн намар түүнтэйгээ хамт алсыг зорин гарсан тэр л галт тэрэгний буудал дээрээ, ядарч сульдсанаас болоод шартчихсан мэт болчихсон амьтан ирчихээд байдаг. Оройн найман цагийн орчим. Буудлын өмнөх талбай дээр нөгөө л ядарч сульдсан морин тэрэгчид эгнэн зогсоно. Нөгөө л сонин борлуулагч үдшийн сөөнгө хоолойгоор хашгирна. Чорб гар чемодан, том шар авдартайгаа хөлсний морин тэргээр бүх л хотыг нэвт явлаа. Тэрэгчин нэг гараар авдрыг түшиж, жолоогоо залхуутайяа сэгсчинэ. Хэзээ ч тэр нэрээр нь дуудаж байгаагүй мөнөөх эмэгтэй морин тэргээр явах дуртай байсныг Чорб гэнэт санав. Хотын дуурийн театрын булан тойруут гарч ирэх догол гудамжинд долоо хоногоор ч, ганц цагаар ч өрөө хөлсөлж болдог, гаднаасаа анзаарагдахгүй ч үргэлж хаалга нь онгорхой байдаг, хуучин, гурван давхар, тохь муутайхан зочид буудал бий. Цонхигор царайтай үйлчлэгч эр Чорбыг түүхий загас, байцаа үнэртсэн нарийхан хонгилоор дагуулан явлаа. Түүнийг даган өрөөнд оруутаа Чорб орны дээр өлгөсөн алтадмал жаазтай, усанд орж буй эмэгтэйн ягаан хөргөөр нь эхнэртэйгээ анхны шөнөө цуг өнгөрөөсөн өрөө болохыг танив. Тэгэхэд эхнэрт нь хонгилд тааралдсан хүрэмгүй бүдүүн эр ч, яагаад ч юм бэ тэд ийм новшийн буудал сонгож авсан нь ч, угаалтуур дотор гайхалтай цайвар шаргал үс байсан нь ч, ерөөсөө л юм бүхэн, хамгийн гол тэд гэр орныхноосоо ийн нуугдаж чадсан нь тун зугаатай санагдаж байсан сан. Тэр өдөр бүсгүй сүмээс гэртээ очуут, уригдсан зочдыг хооллохоор завдаж байх зуур өрөөндөө гүйн орж хувцсаа сольчихоод гарч ирж билээ. Ганган фрак өмссөн Келлер мичин нүүрэндээ инээмсэглэл дүүргээд тэрний ч, энэний ч мөрийг алгадан архи хундагалж, Варвара Климовна дотны найзууддаа шинээр засч янзалсан унтлагын өрөөгөө, тэр дундаа шөнийн хоёр хос шаахай тавьсан, "Бид авсанд ортлоо хамт" гэж гот үсгээр бичсэн бичээс бүхий жижигхэн хивсийг үзүүлж байж л дээ. Хүн бүр хоолны ширээнд дөхөх үед л Чорб эхнэртэйгээ гэнэтхэн үгсэж арын хаалгаар зугтсан бөгөөд маргааш нь галт тэрэг хөдлөхөөс хагас цагийн өмнө л эд юмсаа авахаар хүрч иржээ. Варвара Климовна шөнөжин эхэр татаж, нөхөр нь (түүний хувьд Чорб гуйлгачин цагаач, зохиолч, хэзээд сэжиг бүхий этгээд байсан) охиныхоо сонголтыг ч, гарзадсан дарсаа ч, юу ч хийж чадаагүй цагдаагийн газрыг ч харааж байв... Хожим нь, залуу хосыг явсны дараа өвгөн дуурийн театрын булан тойруут байдаг зочид буудлыг очиж үзсэн бөгөөд, тэр цагаас хойш энэ байшин түүний хувьд ой гутам, бузар хар хэргийн дурдатгал мэт балиар бүхний илэрхийлэл болжээ. Авдрыг зөөн оруулж байх зуур, Чорб ягаан өнгийн тосон будгийн зургийг хөдөлгөөнгүй ширтэж зогслоо. Хаалга хаагдмагц, авдар руугаа бөхийж тагийг нээв. Буланд, ханын цаасны сөрдийсөн тасархай доогуур хулгана точигнон булталзана. Тэр цочин өсгий дээрээ эргэлээ. Чанх дээрээс өлгөсөн нүцгэн чийдэн үл мэдэгхэн савлав. Утасных нь сүүдэр ногоон буйдан дээр тусч тахиралдана. Яг энэ буйдан дээр тэр тэгэхэд унтаж билээ. Эхнэр нь эгээ жаахан хүүхэд шиг жигдхэн амьсгалж байсан сан. Тэр шөнө Чорб түүнийг үнэн сэтгэлээсээ энхрийлэн үнсээд л, өөр яагаа ч үгүй. Хулгана ахиад л точигнов. Их буу нүргэлэхээс ч аймшигтай, шалихгүй чимээ анир байдаг шүү дээ. Чорб авдраа орхиод, өрөөн дотуур хоёронтоо холхилоо. Дэнгийн эрвээхэй чийдэн рүү чимээтэйгээр мөргөв. Тэр хаалгыг түлхээд, гарлаа. Шатаар уруудах зуураа тэр хичнээн ядарснаа мэдэрч, догол гудамжинд гарсан хойно тавдугаар сарын шөнийн бүгчим агаарт толгой нь эргэжээ. Цэцэрлэгт гудам руу гаруут тэр хурдлан алхав. Талбай. Морьтой хүний чулуун баримал. Хотын цэцэрлэгийн хар үүлс. Тэд хуримын өмнөхөн хоёулхнаа их удаан зугаалж билээ. Явган замыг хулдах хатсан навчсын үнэр хичнээн сайхан байлаа... Цэцэрлэгийн хайсны завсраар ороонго өвсөнд хэрүүлсэн хус мод үзэгдэхэд тэр: - Орост бол хусанд ороонго өвс ургадаггүй хэмээн ярьж, эхнэр нь тэр ороонгоны хүрэвтэр жижигхэн навч индүүдсэн цагаан хэрэглэл дээрх зэвний толбыг санагдуулж байна гэж хэлсэн сэн. Эхнэр нь инээд алдан дэгдэж, Чорб араас нь бөгтийн алхаж явахад, эгээ л эдгээр хатсан навчис үнэртэж байгаа шигээр аз жаргал өөрөө анхилж буй мэт санагдаж байсан. Одоо тэр туулайн бөөр моддын шөнийн гоо сайханд автсан энэ гудамжийг осолдохгүй л таньж явав. Холгүйхэн дэнлүү, гэрэлд нь хэдэн навчис гялтганаж тув тунгалаг харагдана. Чорб дөхөн очлоо. Хөлийнх нь урдуур явган зам даван тусах хайсны сүүдэр хөндөлсөнө. Төдөлгүй танил байшингийн нүүрэн тал бараантан нүдэнд нь тусав. Нэг цонх нь нээлттэй, гэрэлтэй аж. Үйлчлэгч эмэгтэй хурц өнгийн дэвсгэр даавууг дэлгэж үзэгдэнэ. Чорб түүнийг огцомхон, чанга дуудлаа. Нэг гараараа тэр хашааны хаалганаас барив. Алган доороос нь хайрах тэр төмөр хамгийн тод дурдатгал нь байлаа. Үйлчлэгч эмэгтэй гүйн гарч ирэв. Варвара Климовнад ярьснаар бол, хашааны хаалгыг шууд очоод нээсэн атал Чорб гадаахь зам дээр зогссоор байсан нь эмэгтэйд юу юунаас илүү хачирхалтай санагджээ. - Тэр малгайгүй, дэнлүүний гэрэлд дух нь хөлрөөд норчихсон, үс нь духандаа наалдчихсан харагдсан. Би түүнд "эзэд театрт байгаа" гэж хэлээд яагаад ганцаараа явааг нь асуусан. Түүний нүд аймшигтай гялалзаж, бас сахлаа хусаагүй их удсан юм шиг байсан шүү. Тэгснээ, түүнийг өвчтэй байгаа гээд хэлчихээрэй гэж аяархан дуугарсан. "Та хоёр хаана буусан юм бэ? " гэж асуухад минь, "Нөгөө л газраа. За, тэр ч яахав. Би маргааш өглөө ирнээ" гэсэн. "Жаахан хүлээхгүй юу" гэтэл, тэр юу ч хэлэлгүй яваад өгсөн хэмээн зарц эмэгтэй ярьсан байна. Ингээд л Чорб дурсамжуудынхаа эх булаг тийш буцжээ. Энэ бүхэн одоо төгсгөл рүүгээ дөхөж л байна. Гэрлэлтийнхээ анхны тэр өрөөндөө одоо л ганц хоночихвол, маргааш түүний дүр төгс болон мөнхөрнө. Зочид буудал руугаа цэцэрлэгт гудамжаар буцаж явахад нь зам дагуух урт сандлууд дээр сүүмгэр дүрсүүд сууцгааж байв. Тэрээр гэнэтхэн, хичнээн их ядарсан ч гэсэн, нүцгэн чийдэн, точигносон чимээтэй булан бүхий тэр өрөөнд ганцаараа унтаж чадахгүйгээ ойлголоо. Тэгээд талбай руу гарч гол гудамжаар явлаа. Яавал дээр вэ гэдгээ мэджээ. Гэвч тэр их удаан хайв: хот жижигхэн, элдвийн юм дэлгэрээгүй, дур хүслийн арилжаа явагддаг цорын ганц буйдхан гудмыг нь Чорб мэддэггүй байв. Ямар ч үр дүнгүй, өлмийгөө халуу оргиж, чихээ шуугитал бүтэн цаг дэмий тэнэсний эцэст санаандгүй нөгөө гудманд хүрч, өөрийг нь дуудсан эхний эмэгтэй рүү шууд явж очлоо. - Нэг шөнө хэмээн Чорб шүдэн завсраа өгүүлэв. Эмэгтэй толгойгоо гилжийн, гар цүнхээ савчсанаа, - Хорин тав гэлээ. Тэр толгой дохив. Бүр дараа нь, санамсаргүй ажиглан хараад, хэдийгээр завхайрч самуурсан нь илэрхий ч, богино зассан шаргал үстэй, аюулын царайлаг хүүхэн байхыг хайнгуут анзаарчээ. Бүсгүй Чорбын буусан зочид буудалд өөр эрчүүдтэй нэг бус удаа хонож байсан бололтой, -шатаар уруудаж явсан цонхигор царайтай үйлчлэгч эр түүн рүү нөхөрсгөөр ирмэж харагдав. Тэднийг хонгилоор явж байхад, нэгэн хаалганы цаана дүнз хөрөөдөх мэт нэг хэмээр, хүндээр хяхтнан дуугарах орны чимээ дуулдав. Ахиад хэдэн хаалга алгасаад, мөн яг тийм чимээ сонсогдоход, бүсгүй хүйтэн тохуутай харцаар Чорб руу ширтжээ. Тэр юу ч дуугаралгүй, бүсгүйг өрөөндөө оруулснаа шууд л нойр нь жигтэйхэн их хүрэхийг мэдрэн, цамцныхаа товчийг тайлав. Бүсгүй түүн рүү дөхөн тулж зогсоод, инээмсэглэн: - Нөгөө бяцхан бэлэг маань яалаа? гэж асуув. Чорб түүн рүү нойрмог, хэнэггүй харснаа юун тухай яриад байгааг нь арайхийн ухаарчээ. Мөнгөө авуут бүсгүй цүнхэндээ нямбайлан хийгээд, хөнгөн амьсгалснаа, ахиад дөхөн ирж, үсээ сэгсрэн: - Би хувцсаа тайлах уу? гэлээ. - Тэг, тэг, хэвт. Өглөө би дахиад өгнө гэж Чорб бувтнав. Бүсгүй цамцныхаа товчийг яаран мултлах зуураа, Чорбын хачин зантай дүнсгэрийг гайхан нүднийхээ булангаар байнга ажиглах аж. Чорб хувцсаа хам хум тайчаад, хөнжилд орж хана руу харан хэвтлээ. "Бааштай илбэчин байх нь ээ" гэж бүсгүй зовонгуйран бодов. Тайлсан цамцаа тэр сандал дээр тавьлаа. Чорб аль хэдийн унтсан байх нь тэр. Бүсгүй өрөөн дотуур холхин, цонхны дэргэд байгаа авдрын бага зэрэг нээлттэйг ажиглуутаа явган сууж завсраар нь шагайв. Тэгснээ нүцгэн гараа болгоомжтой шургуулж, эмэгтэй хүний даашинз, торгомсог оймс, бөс даавуу тэмтрэгдэхийг, тэдгээр нь гойд сайхан үнэртэхийг мэдэрсэн тул нэг л гунигтай болчихжээ. Тэрээр өндийж, эвшээлгэн, нүцгэн байсан тул гуяа маажаад, цонх руу дөхөж, хөшгийг сөхөв. Харанхуйн дунд дуурийн театрын булан үзэгдэнэ... Бүсгүй хөшгийг буулгаж гэрэл унтраагаад, Чорбын хажуугаар орж хэвтлээ. Унтаж эхлэх зуураа тэр яг энэ өрөөнд урьд нь хоёр удаа байсан тухайгаа бодов. Ханан дахь ягаан зургийг сайтар цээжилж авчээ. Бүсгүй цагаас илүү унтаж чадсангүй: аймшигтай орь дуу тавих хашгираан түүнийг сэрээв. Чорб хашгирсан хэрэг. Шөнө дунд сэрээд хажуу тийш эргэтэл, эхнэр нь зэрэгцээд хэвтэж байх нь тэр. Тэгээд хамаг чадлаараа хашгирчээ. Эмэгтэй хүний цагаан сүүдэр орноос үсрэн босов. Бүсгүй салгалж чичирсэн хэвээр гэрэл асаахад, Чорб хуниралдсан даавуун дээр нуруугаараа хана налан суух бөгөөд нүүрээ дарсан хуруунуудынх завсраар өрөөсөн нүд нь галзуу хүнийх шиг гялалзаж байлаа. Дараа тэр нүүрнээсээ гараа аажмаар авч, бүсгүйг танив. Хүүхэн түүнээс жийрхэн ямар нэг юм үглэн, хувцсаа өмсч байлаа. Харин Чорб сэтгэлийнх цочрол нэгэнт арилсныг ойлгон, уртаар санаа алдлаа. Тэр буйдан руу гарч, үсэрхэг өвдгөө тэврэн бүсгүйг хайнгуут инээмсэглэн ширтэв. Ийн инээсэн нь хүүхнийг улам ч айлгаж, тэр буруу харан байж татуургаа татаад, шаахайгаа үдэж, бүрх малгайгаа өмслөө. Яг энэ үед хонгилд ярилцах дуулдаж, хөлийн чимээ гарав. - Гэхдээ тэр эмэгтэй хүнтэй байгаа... гэх үйлчлэгч эрийн үгийг төвөнхөөрөө дуугарах нэгэн: - Тэр чинь миний охин гэж би танд хэлээд байна шүү дээ! гэж эрс няцаалаа. Хөлийн чимээ хаалган тушаа ирээд зогсов. Тэгээд тогших дуулдлаа. Тэгмэгц хүүхэн сандал дээрээс цүнхээ шүүрч, хаалгыг шийдмэгхэн онгойлгов. Өмнө нь бортгон бүрхтэй, цамцныхаа цагаан энгэрт сувдтай, балмагдаж эвгүйрхсэн хөгшин ноёнтон зогсож, мөрнийх нь цаанаас үсээ сиймгэр алчуураар боон, уйлж унжсан, тарган хатагтай шагайн, тэдний ард давжаа бие, цонхигор царайтай үйлчлэгч эр өсгийгөө өргөн, нүдээ бүлтэлзүүлэн, гараараа урих мэт хөдөлгөөн хийж харагдлаа. Бүсгүй ч энэ дохиог ойлгоод өөр рүү нь гайхан харсан өвгөний хажуугаар хонгил руу зүтгэн хатагтайтай зэрэгцэн зөрж босго алхав. Хаалга хаагдлаа. Бүсгүй, буудлын үйлчлэгч хоёр хонгилд зогсон хоцорч, бие бие рүүгээ айсан янзтай харснаа бөхийн чих тавилаа. Гэвч өрөөнд цөм дуугүй л байх аж. Энэ хаалган цаана гурван хүн байгаа гэхэд итгэмээргүй санагдана. Ямар ч чимээ анир сонсогдсонгүй. - Тэд юм ярихгүй байна гэж үйлчлэгч шивнээд, хуруугаа уруулдаа хүргэлээ.
ТӨГСӨВ.
Мэдээлэлийн эх сурвалж: www.asuult.net
0 comments:
Post a Comment