Thursday, September 22, 2011



Удахгүй энэ сарын 26-нд Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Гурван сая хүрэхтэй үгүйтэй Монголчуудын нэрийг дэлхийд тамгалах зоригт хөвүүдийн зураг. Тоон дотор үсэг цохиж яваа минь энэ. Жинхэнэ эр зориг, тэсвэр хатуужил, ур чадвар, ухааны илэрхийлэл болохуйц монголын боксер залуус. Залуу насны л цог заль.




Муу хэлэх амархаан. Зурагтын өмнө суучихаад амандах буузаа зажилаад залгиж амжихаас тань өмнө тэнд тулааны асуудал шийдэгдэж амждаг спорт. Гурав хүрэхгүй сая хүн амтай манай улсын хэдэн хүн спортоор хичээллэдэг билээ. Тэдгээрээс энэ спортоор хэд нь хичээллэдэг билээ.




Бараг шинжлэх ухаан болтолоо дэлхийд хөгжсөн энэ спортоор дэлхийд Монгол гэсэн дардас тамгалан гэдэг амаргүй даваа. Зоригт хөвүүдийн нас залуухан. Та бидний хэлээ хазласан үр хүүхэд, автобусны мөнгө нэхээд зогсож буй дүү нартай нас чацуу эдгээр залуус.



Би энэ спортод хайртай. Нэгэн цагт аав минь, ах минь, дүү минь тулалдаж явсан эрс. Энэ миний нагац ах дасгалжуулагч Д.Ганзориг. Намайг өсгөсөн ах минь. Банзан гитарын гайхамшигт аялгуунд нь сэтгэл минь ховсдогдсон байх гэж би боддог юм. Намайг тулаан бус урлагт хайртай болгож өсгөсөн юм ах минь.




Баг тамирчидаа уйхайлан дэмжих бидний дунд тоглолт бүрийг тэмдэглэн протокол хөтлөн суух Монголын боксын холбооны ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг надад шигшээ багынхаа өмсгөлийг бэлэглэсэн билээ. Би зоригт хөвүүдийнхээ нэгэн адил зүрхэн тушаагаа эх орныхоо далбаа бүхий цамцаа өмссөөр саяхан эх орноо төлөөлөн олон улсын яруу найргийн наадамд оролцоод амжсан билээ.
Япон, Солонгосын яруу найрагчдын хамт




Алив ур чадвар эр зориг, тэсвэр тэвчээр, цог зальт хөвүүд минь МОНГОЛ гэсэн дардасыг дэлхийд дэвжээнд нударгаараа тамгалаад өг.

жич: www.aiba.org сайт дээр онлайнаар хэрхэн шууд үзэх заавар нь гарсан байналээ.