Sunday, June 5, 2011




Онгож гандсан төрөлх сууриндаа ирлээ
Онхи мартагдсан бүхнээ эргэн санахыг хичээлээ
Чамд захидал бичсэн байрны жижигхэн өрөө
Чамаас хариу хүлээдэг байсан тэр л гэрэлт цонх
Хаврын бороо ороход догдолдог байсан сэтгэлээ
Хаа нэгэн газар гээчихээд би уруу царайлж зогсоно
Намайг таних нохдын дуу нь л дотно юм шиг үлдсэн
Нам гүмхэн хээрийн суурин минь дахиад л баяртай.

2008 он.

Л.Моломжамц


“НҮҮДЭЛЧИН СЭТГЭЛИЙН БАДГУУД” номын 24-р хуудас






Г.Сүхзоригт

Хаврын шөнө намрын шувуу дуугарах шиг
Хадны цас, зуны навчтай урсах шиг
Хажуу судгийн ногоонд өвлийн хялмаа унах шиг
Хатсан өвсний өнгө дахиад л наранд гэрэлтэх шиг
Хамаагүй гэгээн араншинт минь
Харьд ч юм, дэргэд ч юм шиг орших анд минь

2007.05.27

Л.Моломжамц

“НҮҮДЭЛЧИН СЭТГЭЛИЙН БАДГУУД” номын 29-р хуудас





Би
Чамд
Хайртай байж магадгүй хонгор минь
Нүд
Хөмсөг
Уруулын чинь сайхныг
Талынхаа цагаан шөнөөр зүүдэллээ энхрий минь
Би
Чамд
Алаг хээрийнхээ чулууг хормойлон түүж баярлаад
Өвгөд нойрссон цагаан овооныхоо зүг харж зогсоод
Орчлонгийн гунигийг шивнэмээр санагдлаа хайрт минь
Чи
Надад
Хөх бороотой намрын өдрөөр
Гунигтайхан болоод энхрийхэн харагдаж
Мөрийг минь түшин зогсвоос надад юу ч хэрэггүй мэт болно
Алиахан минь
Тэгээд
Би
Төрж өссөн гоо сайхан тал нутгаасаа ч илүү чамайг хайрлаж
Өвгөд, эмгэдийнхээ хайр энэрлийг ирлээ гэж чамайг дээдлэн шүтнэ
Миний
Чамайг хайрлах нь
Нууцхан ялдам зангаас чинь л үүднэ
Би
Чамд
Хайртай байж магадгүйн учир чухам энэ хонгор минь

2008.07.22

Л.Моломжамц

НҮҮДЭЛЧИН СЭТГЭЛИЙН БАДГУУД” номын 77-р хуудас