Friday, February 26, 2010

*******

Сэтгэлээсээ гадуур алхаж явахад
Агаар болчихсон шиг санагддаг
Сэрэмгүй зүүдэн дундаа
Хөдөлгөөн болчихсон төсөөлөгддөг
Хүн сэтгэлээ нөмрөөд суухад л
Бороотой өдөр ноорхой гэрт
Нөмгөн суух шиг болдог ч
Больё гэх бодол
Хэзээ ч билээ төрөөгүйсэн

Thursday, February 25, 2010


Орой нь цоорхой
Орчлонгоор нэг ус дусална
Нойтон зовхи ч даагдахгүй
Тэмтэрч л мэднэ
Би ус хаана байгааг мэднэ
Хүмүүс минь
Би
Ус хаана байгааг мэднэ
Үнэрлэж мэднэ
Сонсож мэднэ
Нар
Нар хаана байна
Надад өөр
Мэдэхгүй юм алга даа
Тэмтэрч л мэднэ

Sunday, February 21, 2010

НЭХМЭЛЧИН

Томоос тос нэхмэлийн зүү бариад би
Зүрхний чинь мухар дахь гэнэхэн сэтгэлийн утсыг хөвөрдөж сууна
ХАЙР хэмээх ээрүүлдээ сэтгэлийг чинь ороож
Хэнэггүй бардам зантайгаа хамт сүлжиж байна

Торгомсог ариухан сүлжмэл өлгий нэхээд
Сэтгэлийн чинад дахь хүүхдүүдээ хоёул хучна
Тэр цагт чи АМЬДРАЛ хэмээх аялалын хөтөч болоод
Сэлүүр ч үгүй, чиглүүр ч үгүй далайд анх гарсан
миний зоригийг хүндлэх болно

Зовлон биднийг тойрохгүй ээ...
ХУВЬ ТАВИЛАН-гаа би өөрөө нэхсэн юм чинь
Уйлахгүй...
Гэнэн жаахан хүмүүст зовлон зохихгүй...

Омголон дүрэлзсэн СЭТГЭЛ
Хайрлах, харамлах хүмүүстэй байхад айх зүйл байхгүй...
Энэ ертөнцөд НЭХМЭЛЧИН би
Огт өөрөөр амьдардаг болхоор
орчлонгийн явдалд түүртдэггүй...

“Бүгд над шиг хийсвэр” номын шүлгээс

Monday, February 15, 2010

Чиний төлөө
Нулимсаа унагая
Чамайг хайрласны минь
Төлөөс...

Зовлонгоороо ханасан
Орчлонг
Жаахан ч гэсэн
Тайтгаруулья...

Дуулья
Хөг нь дутсан
Хорвоод нэгэн аялгуу
Нэмье...

Явъя
Нулимс шигээ үнэтэй
Аялгуу лугаа
Хоосон явъя...

Хайрлая
Нулимснаас илүү үнэтэй
Чамайг л хайрлая...

Friday, February 12, 2010

Эрхэм цахим ертөнцөөр аялагч, блогчид, соёл урлагт шимтэн дурлагч уншигч та бүхэнд
Ирж буй XVII-жарны Тийн урвагч хэмээх төмөр цагаан БАР жилийн сар шинийн мэндийг хүргэж элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Солонгос дахь Монголын Уран Бүтээлчдийн Клубын хамт олон...

Thursday, February 11, 2010



МУСТА зураач Э.Цолмонбат "Би салхины чимээ" 50х70 "Im voice of wind"

ЧАМД

Жаргалын ганцхан алимаа хуваах гэж
Зовлонг сөрж хамтдаа алхах гэж
Чамд сэтгэл алдарсан...

Сэтгэл хэмээх цэцэрлэгтээ хайрын мод тарих гэж
Чамайг би сэтгэлдээ ургуулсан
Нулимсаараа усалсан...

ХАЙРТАЙ гэдэг хоосонгүй үгээр
Зүрхийг чинь ховсодсон...
Чамгүйгээр энэ үг ид шидгүй

Гомдолын нулимс унагах чинь
Аадаар буух шиг
Чиний нулимсны өмнө
би хүчгүй...

“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос

Энэхүү шүлгэнд маань "ХУРД" хамтлагын Отгонбаяр ах ая хийж "ЧОНО" хамтлагын Дэрмээ дуулж "ЖАРГАЛЫН ГАНЦ АЛИМ" хэмээн цомгоо нэрлэсэн ажгуу...

Wednesday, February 10, 2010

Шүлгийн мөр дотор

Шүлгийн мөр дотор
Хаврыг уруу татаад уйлуулчихлаа
Хавар эртийн бороонд
Нахиа эрт задарчихлаа
Хавар дотор нуугдсан
Өвлийн сүүлчийн өдрүүдэд
Нялх нахиа
Бээрч дэлгэрнэ
Бас зарим нь ...
Энэ миний буруу

Tuesday, February 9, 2010


Эрдэнэс олвол би
Буцаагаад л булчихна
Энд л лав мөнгөний хэрэг алга
Булчихаад л
Булшны шороо шиг овоолж хаячихаад
Нэрээ чулуун дээр сийлж дээр нь босгочихоод
Нээг их санаа амраад
Үлдсэн хэд хоногоо хайр гамтай эдлэхээр
Өөр би хаашаа явах вэ
Үхэрнүүд минь
Диваажин хаана байдаг вэ

Monday, February 8, 2010

Цээжний гүнд гуниг чуулах цагаар

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэцгийн өнгө гологдож нүдээ анимаар санагдана
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Чимээ шуугиант ертөнц, хүмүүс мартагдана

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэн тогорууны бүжиг салхи хээлэх нь үзэгдэнэ
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Үүлсээ зангирааж огших тэнгэрийн бачимдал мэдрэгдэнэ

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Би нэгэн зул мэт болоод...
Бүдчин, догдлон гэрэл нэрж
Биелшгүйн зүг дураар алхаад
Элсний ширхэг, усны дусал мэт
Элэгдэхээ мэдэрч жаргана
Эхлэл төгсгөлийн утга алдарч
Энд би өөрийгөө харах мэт…

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Зүрх яруусаж...
Зүйлийн гэгэлгэн аялгуугаа зүг бүрт илгээнэ
Хэнхдэг дүүрэн уяралдаа, аньсага чийгтэн хөвөөд
Хоосортлоо санаа алдахад, хөшиг татсан мэт , хорвоо гэрэлтэнэ

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Дотогшоо ширтэхүй...
Манант ертөнцийн бараа маргааш мэт даллахад
Махан бодио хүрэл хөшөө мэт үлдээгээд
Маргааш руугаа өнөөдөр явмаар санагдана

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэл залуухандаа гэрээслэл бичмээр санагдана
Цэцэг мэт ургуулсан мөрөөдөл бүхнийг минь гишгэчихсэн
Цэвдэг амьдралын хөрснөөс шувуу шиг тасармаар бодогдоно

Цээжний гүнд гуниг чуулах цагийг
Зүүд мэт үргээж, ижий минь дуудлаа
Эрх сэтгэлийн наран харь ертөнцийг хальж
Ижийдээ үнсүүлэхийн баярт сүнсний гуниг арилжээ


МУСТА зураач Э.Цолмонбат "Зохиомж" 140х130


Алив дуугаан аяд...
Амирлангуй бурхан цээжинд минь нойрсож байна
Аньсаганд минь хурсан нулимсыг өрөвдөж бүү тос!!!
Жаргалдаа ташуурсан нэгэнд нь зовлон болж мэднэ
Харанхуй тасалгаан дахь жижигхэн толинд дүрээн харах шиг

Жаргал хоосон зүйл байдгыг
Энэ бурхад олоод мэдчихсэнээс хойш...

Басамжилж бас бүү инээ!!!

Нойрсож буй бурханы
Цайлган сэтгэл, итгэлийг хөсөрдүүлж л байг хамаагүй
Цаг хугацаа ганцхан миний зүг урсдаг гэдгийг
Хаалгыг чинь сүүдэр чинь тогшихын цагт чи ойлгоно

Бурханы ариухан араншинг минь
Гагцхүү цаг хугацаа чөтгөрийн авираар ирлэх болно

Тэр цагт бурууг минь
Бурхан цагаатгах учиртай

Цаг хугацаа ганцхан миний зүг урсдаг...

2002.10.09
“Бүгд над шиг хийсвэр” номноос

Sunday, February 7, 2010

"Утга уран зохиолын цаг" анхны дугаар

Солонгос дахь Монголын Уран Бүтээлчдийн Клуб болон М.Радиогийн хамт олонтой хамтран online буюу цахим радиогоор магадгүй дэлхийн түүхэн анх удаа эфирээсээ 30 км-ийн зайнаас дэлхий даяар “Утга уран зохиолын цаг” анхны нэвтрүүлгээ цацлаа. Уг нэвтрүүлэгт хөтлөгч Даруухан болон МЗЭ-ийн шагналт, Солонгос дахь Монголын уран бүтээлчдийн клубын гишүүн яруу найрагч Г.Сүхзориг, Солонгос дахь Монголын уран бүтээлчдийн клубын гишүүн яруу найрагч Ц.Бямбажаргал нар оролцлоо. Уг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь толилуулж байгаадаа баяртай байна.








Saturday, February 6, 2010

Цэнхэр нүдэн Үлэмж биетэн


Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ

Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.

Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай

Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.


Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор

Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай

Үлгэрийн юм шиг жижигхэн байшинг

Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ.


Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ

Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.

Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган

Бахардтал гүйхээс залхаж гүйцээд

Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд

Тухлан суухыг илүүд үзжээ.


Баяртай гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ

Баян чинээлэг одой эрийг даган оджээ.

Баян чинээлэг одой эр цонхон доороо

Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.

Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.


Хазим Хикметийн шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.
Хэрвээ би шатахгүй юм бол
Хэрвээ чи шатахгүй юм бол
Хэрвээ бид шатахгүй юм бол
Хэн энэ харанхуйг чинь гийгүүлэх юм вэ.

НАЗИМ ХИКМЕТ.

Туркийн алдарт яруу найрагч Назим Хикметын цогтой мөрүүд бүхий шүлгийн түүвэр нь манайд 1951 онд гарч байжээ. Амьдарч байсан цаг үедээ эх орондоо хавчин гадуурхагдаж 1950-иад оны эхэн үеэр Зүүн Европийн социалист орнуудаар амьдарч байгаад 1963 онд Москвад таалал төгсжээ.
Өнөөдөр ч гэсэн түүний бүтээлүүд нь Туркдаа төдийгүй дэлхийн модернист яруу найргийн чухал өвд тооцогдсоор байна.





М Радио буюу www.mglradio.com -ийн хамт олонтой хамтран Солонгос дахь Монголын Уран бүтээлчдийн клубээс анх удаагаа УТГА, УРАН ЗОХИОЛЫН ЦАГ нэвтрүүлгээ 2010 оны 02-р сарын 07-ны Ням гаригт 21.00 /Солонгосын цагаар/ цагт www.mglradio.com дэлхий даяар цацагдах гэж байна. Та бүхэн таалан соёрхоно уу...
Солонгос дахь Монголын Уран бүтээлчдийн клуб
М.Радио

Thursday, February 4, 2010



МУСТА зураач Э.Цолмонбат "Нарны охид" зураг



Хуйлсан он цагийг
Хөндлөн гулд алхаж
Дэлгэнэм
Би

Тэртээ алсад
Ганц морьтой хүн давхих шиг
Тийм алсхан хайр
Зүрхнээ хоногшино

Дэлгэсэн он цагийн минь
Хойх нь
Тэнгэрийн хаяанаа
Ганц шувуу дүүлэн нисэх мэт
Яруухан залуу нас минь үлдэнэм

Хуйларсан он цагийн
Эрчлээсийг тайлах гэж л
Хөндлөн гулд амьдарнам
Би...

Tuesday, February 2, 2010


Бичих юм юу ч үгүй хорвоод
Бийр атгаж төрчихөөд
Гайхсандаа л
Газар нэг ширтэж
Тэнгэр нэг ширтэж
Ургаа хад шиг мэнэрч чинэрч зогсоход
Ув улаан тэнгэрт бурханы дүр үзэгдээд
Бийрний минь үс нэг нэгээрээ сугарч
Бичгийн цаас шиг өвс дамналдаж унахуй
Өвсөнд барлагдаж ургасан шүлгийн дардас
Өөрсдөө цаасанд буух нь шүлэг болой


Хоосон цонх


МУСТА зураач Э.Цолмонбат "Үл тайлал"


Цонхны чинь дор тамхи бид хоёр
Ганцхан юмыг бодно ярина зөвхөн ганцхан зүйл
Бүх зүйл зогсоод нэг цэгт төвлөржээ
Бүхэл хорвоо бид хоёроос уйдсан байна
Хоосон цонх
Хоосон цонх
Хоосон цонх
Харанхуйд хаа нэгтээ чи байгаа гэж итгэх итгэл
Нэг гэрэл
Цонхны чинь доор тамхи архи бид гурав
Ганцхан зүйлийг ярилцана
Чиний зөв архи минь амьдралаас би түр салгагдсан байна
Өчигдөрийн үйлийн үр энд намайг зогсоогоод мартсан
Ийм хариулт оллоо хөшиг нээгдэв
Хоосон цонх
Хоосон цонх
Хоосон цонх
Харанхуйд хэн нэгэн чамайг үнсэж байгаа гэх хардалт
Нэг гэрэл
Цонхны доор юу ч байхгүй, хэн ч үгүй бид гурав
Энэ хоёр ч бас хаалга нээчихэж
Сахиусан тэнгэрийн гитарын хахираанд чихээ дарна
Ахиад хөшиг ахиад асуулт
Хоосон цонх
Хоосон цонх
Хоосон цонх
Цонх дүүрэн аз жаргал
Өчигдөр баярлаа гэж хэлж байсан нараа
Өнөөдөр хамгийн муу үгээрээ хараав
Хоосон цонх
Хоосон цонх
Хоосон цонх
Үүрд мөнхийн хоосон цонх нэг гэрэл

Monday, February 1, 2010


Хүрэмний халааснаас гарч ирсэн монголчуудтай хамтарч ажилладаг хэмээн өөрийгөө танилцуулсан Солонгос авгайн нэрийн хуудас сэтгэл сэмхэн маажина. Сөүл хотын төв хавьд орших албан конторт нь танилаа дагаж орсон санамсаргүй уулзалт. Ханандаа ур муутайхан урласан хоёр монгол зураг, ширээ дүүрэн хураалгатай анкетууд. Хамгийн дээр байрлах анкетыг зурвас ажихнээ 9х12 см зураг бүхий Ганбаатарын Золзаяа 1987.хх.хх – нд Улаанбаатар хотод төрсөн гээд цааш нь үргэлжлэх аж. Манай төрийн албан хаагчийн анкетыг санагдуулахуйц зузаан эд байх. Учирыг нь лавлавал Солонгос иргэдтэй манай охидыг зуучилж гэр бүл болгодог байгууллагын эзэн гэнэ дээ. Мөн мундагаа.
- ИНГЭХЭД
Бид ирээдүй хойч үеэ хэрхэн хүмүүжүүлсэнээ эндээс л харахад ойлгомжтой. Ноён эрхэм эрхтэн дархтангууд минь та бүгдэд баяр хүргэе. Та бүгдийн онилсон сум байндаа тусжээ. Миний мэдэхийн сүүлийн 10 гаран жил Монголын бүх л телевиз театруудын тайз дэлгэцнээс хальж сагах Солонгос Хятадын “САВАНГИЙН ХӨӨСНҮҮД” ард түмний маань тархийг сайн “УГААЖ” чаджээ. Аливаа ард түмний тусгаар тогтнол, туурга тусгаар улс орон гэдгийг тухайн үндэстэний хэл, бичгийн соёл уг ард түмнийх нь зан заншил ёс суртахуун соёл урлаг илэрхийлдэг гэж ярьдаггүй биш билүү. Бид өөрсдийн гэсэн соёл урлаггүйдээ бус бэлэнчлэх сэтгэлгээндээ болоод бусдын соёлын довтолгоог гар даллан дуудаж байгаа бус уу?
2 сая хүн амтай манай улсад ахадсан олон арилжааны телевизүүд нь программынхаа цагаа нөхөхөд энэ хэдэн бэлэн савангийн хөөснүүд хэрэг болдог байх л даа. Тийм үү?
Тиймдээ ч солонгос хүнтэй гэр бүл болохыг хүсэгч охид нь “хар багаасаа солонгос хүнтэй гэрлэхийг хүсдэг” байснаа хүүрнэж суух тэгсэн хэрнээ монгол залуусаа үгүйсгэх нь телевизтэй хамааралтай юу үгүй юу? /интернетийн захын блог-уудаар нэг тавигдсан байгаа Солонгостой гэрлэхийг хүсэгч нөхдийн элдэв бичлэг бий/ Ямартаа ч Монголчуудын тархийг гайхамшигтай сайн Format-лажээ.
- ИНГЭХЭД
Эрхэм Золоо тэргүүтэй охид минь ээ.
Үлгэр анхнаасаа л худлаа эхлэдэг шүү дээ. Сэтгэл гонсойж архи баахан ууж унахад чинь нуруундаа үүрч хүргэж өгөөд л, УББА гээд дуудахад чинь задгай дээвэртэй цагаан Бенз хөлөглөсөн ханхүү чамруу тоос татуулан давхиж очоод бэлзэг бэлэглээд л гэрлэх саналаа өгөн сөгдөн гуйгаад л, өвдлөө гэхэд чинь нулимс дуслуулан гараас чинь атгаад л, тэгээд таньтай нүүр тулсан үхэлтэй хамтдаа тэмцэж эцэст нь үхэлтэй наймаалцаад л, амиа хүртэл таны төлөө золиод л... Ийм хайр үлгэрт л гардаг тийм үү? Таны хүсээд хайгаад байгаа хайр Мөн үү? Тэгээд... Амьдралын элдэв “АСУУЛТЫН ТЭМДЭГ” –ийг амиа хорлож шийддэгээрээ Япон Солонгос манлайлдаг юм билээ. Нөгөө гоё Солонгос охид нь хаачсан бол гэж бодож үзсэн үү? Залуучууд нь бол манай Монголчуудыг тоохгүй ээ. Үнэн шүү. Ядаж эд чинь нүүрээ будахдаа гаргууд улс. Манайхан шиг хүзүү нүүр 2 өөр арьсны өнгөтэй юм шиг буддаггүй юм билээ. Гадаадынханд хандах хандлага нь манайхан шиг биш шүү. Чи Америкийн иргэн л биш бол хүн биш энд. Таныг 45-с дээш насны нутгийн хүүхнүүд нь суух нь байтугай нүүр ч өгөхөөргүй өвөө нар хүлээж суугаа. Зүгээр ч үгүй та нарын чармай нүцгэн баруун зүүнээс чинь дээрээс доороос чинь авсан видео бичлэгийг хооронд нь харьцуулаад сууж байгаа.
- ИНГЭХЭД
Монгол Улсын эдийн засаг хөгжил дэвшил муу байгаа гэнэ. Бүгд л мэддэг сэдэв. Хангалттай ч сонслоо. Залхаж байна үнэндээ. Монгол улсын хүн ам 2,6 сая. Манайх шиг цөөн хүн амтай ядуу буурай хөгжиж буй буурай орон /газрын арвин баялагтай дэд бүтэц муу хөгжсөн асар уудам газар нутаг бүхий/ ид ажиллах хүний нөөцөө ингэж их тоогоор гадагшаа гаргадаг улс олон улсын практик дээр байна уу.
Хэвлэл мэдээллийн бүх л хэрэгсэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт муу санхүүгийн хувьд хүнд байдалд байгаагаа РЕКЛАМДАН зарлаж ард түмнийхээ тархийг угааж байгаа бус уу. Дэлхийд гайхагдах байгалийн баялагыг цөөн хэдэн увайгүй луйварчид хувааж идэх гэхдээ
- Тэмцэн эсэргүүцэх, танин мэдэж, ухааран ойлгох, хориглон босох, хийж бүтээх эрч хүч бүхий идэр залуучуудаа гадагш нь явуулж
- Бензин, цахилгаан, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний багцийн үнийг огцом өсгөж, инфляцийг хөөргөж
- Хэтэрхий олон шат дамжлага бүхий төрийн элдэв зөвшөөрөл эрхийн бичгээр сэхээ авах сөхөлгүй дарамтлан нүдсээр дампуурах жижиг дунд үйлдвэрүүд
- Хачин нууцлагдмал сонирхолтой өмч хувьчлалаар харь эздийн гарт очсон үндэсний үйлдвэрүүд, банкууд
- Монгол улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэгч Эрдэнэтээс хувь илүү нөөцтэй гэгдэх ордуудаас хувь хүртэх гэж санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн шунал
Туйлдаж буй хөгшид хүүхдийн тархийг телевизийн суваг бүрээрээ цацах хар мэдээлэл, нэгэн хэвийн хэлбэрдсэн олон ангит киногоороо угааж байна.
Энэ талаар санаа зовнидог мянга мянган залуучууд байгаа гэдгийг мартаж болохгүй шүү.
Эцэг өвгөдөөс минь өвлүүлж үлдээсэн Монгол улс монгол төр “ИДСЭН ХООЛНЫХОО МӨНГИЙГ ТӨЛДӨГГҮЙ РЕСТОРАН БИШ” гэдгийг тэр хэсэг бүлэг нөхөд мэдэж аваасай билээ.
Энэ бол Монголын төлөө цохилдог мянга мянган зүрхний нэгний нь гуниглал.