Thursday, January 28, 2010

Солонгос дахь Монголын уран бүтээлчдийн клуб байгуулагдлаа



Солонгос Улсад ажиллаж амьдарч буй Монгол улсын соёл урлагийн салбарын маш олон хүн бий. Тэд маань амьдрахын эрхэнд өөрсдийнхөө сэтгэл зүрхээ өгсөн тэр хайртай мэргэжил, уран бүтээлээсээ өөрийн мэдэлгүй холддог билээ. Угаас их үсрэнгүй хөгжил дэвшил гэдэг маань өөрөө цаг наргүй ажиллахыг шаарддаг нийгэм аж. Нэгэнт бид усыг нь уувал ёсыг ану дагаж буй билээ. Гэхдээ бид энэ бэрхшээлийг үл тоон хайртай уран бүтээлээ туурвиж өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмд сурталчилан таниулах, Монголын болон Солонгосын мэргэжлийн адил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах зорилго бүхий клуб байгуулж байна. Энэхүү клуб маань мэдээлэл технологийн эрин цагийн аясаар цахим шуудангийн хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлж байна. Солонгос улсад Монголчуудын “ХӨХ ЭГШИН” яруу найргийн бүлгэмийн хэсэг залуус бусад чөлөөт уран бүтээлчидтэй хамтран уг клубыг байгууллаа. Манай анхны үйл ажиллагаа нь дундын блог нээгдсэнээр эхэллээ. Дан ганц сэтгүүлч, зохиолч, зураачдаас гадна урлагийн бүхий л төрлийн хүмүүстэйгээ хамтарч ажиллах бодлогыг барьж байна. Тиймдээ ч цаашдаа манай клубын үйл ажиллагаа, уран бүтээлчдийн хамрах хүрээ нэмэгдэх тусам улам их зүйлийг хийх болно. “Бид чадна”, “Бид хийнэ”, “Би үгүй бол хэн?” гэсэн гал мэт дүрэлзсэн залуус хийх бүтээхийн халуундаа шатаж явна. Бидний урд төлөвлөсөн ажлууд ар араасаа хүлээж байна. Урлагын охин тэнгэр Янжинлхам бурхан та биднийг ивээг.

Манай цахим шуудангийн хаяг: www.mglwritersclub@yahoo.com

Д.Гангантөгсийн шүлгээс


Жижигхэн охин
Гараараа ус хутгаад л
Жижигхэн
Энгэр нь норчихсон
Инээгээд л гүйгээд ирвэл
Энэ охиныг Бурхан минь та
Өөрөө тосч аваарай
Яг л ийм жижигхэн охидыг гараас нь хөтлөөд
Ямар олон удаа үхэлрүү хүргэж өглөө дөө
Цаг хугацаа би
Цаашдаа тэвчихээ байлаа
Үхэж л нэг амрахсан
Үүнийг л бурхан минь нэг.......



Л.Санждоржийг шүлгээс

Сэтгэлээ би, чиниий зүг

Сэтгэл минь дээ
Сэмэрч гүйцсэн дэлбээ минь
Гэнэт орсон бүлээн бороонд
Голгүй автсан мод минь дээ
Чи
Сэмэрсэн дэлбээг чинь үнсэн эдгээж
Сүмийн чинь хонхыг хэлд оруулах
Сормуусаа дэвсэн гэмшдэг
Солонго шиг түүндээ яараад л байнуу даа

Хорьж дийлэхгүйнээ чамайг, энэхэн биёдээ
Хорсохыг чинь мэдрэх дэндүү хэцүү
Хуйлран шаналах дуунд чинь, элэгдэж гүйцлээ би
Хурдхан яв даа, түүний минь хойноос

Хайрт минь дээ
Халуун сэтгэлийн сүм минь ээ
Тархинд багтаагүй хүсэл
Зүрхэнд тогтоогүй мөрөөдлөө шившин
Сэтгэлээ би чиний зүг
Шувуудын жимээр нисгэлээ

Сэтгэл минь чи
Танхил гоо тэрний минь
Гуниг бидэрлэсэн зүрхэнд
Тэнгэрийн ганц цолмон шиг
Совин болж тусаарай

Тасар татуулсан хүслийнх нь
Амьд халуун үргэлжлэл болж,
Тансаг хуримийн хойморт
Мөрийг минь түшсэн зүүд болоорой

Огшсон халуун гомдлоор
Богшсон, гэнэн бодлыг нь
Орой намрынх шиг, анир алдарсан
Уужимхан талдаа төөрүүлээрэй

Орчлонгын элгэнд ганцаардсан
Охин заяа гүнжийг минь
Очих хүртэл минь миний өмнөөс
Мөч бүхэнд ханьсаарай

Гэгэлзэн суухад нь, дуу болж
Гунигтаа энэлэхэд нь, шүлэг болж
Ганцаардлын мананг нь, салхи мэт үлээж
Голт зүрхнийх нь гүнд, сахиус мэт оршоорой.

Сэтгэлээ би
Чиний зүг нисгэлээ
Хайрт минь ...

Ц.Бямбажаргалын шүлгээс


Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдарахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Г.Сүхзоригийн шүлгээс


Хүний хүүхдүүдийг хар даа
Хүн шиг амьдарч байна
Тэгэхэд чи...
- Үнэн ээжээ таны зөв
Тэдний ч зөв
Та сахиусан тэнгэрийн ээж гэдгээ мартсан гэж үү
Тэнгэрийн амьдрал газрынхтай адилгүй
Тэр дээр хүүгийнх нь амьдрал буй
Та нүдний минь харцыг мартлаа гэж үү...

МУСТА зураач Э.Цолмонбатын зургаас "Амин хэлхээ" 130х140 /cirkle of life/

Г.Сүхзоригийн өгүүллэгээс

ТӨРӨХИЙН ӨМНӨХ ӨРӨӨ

Хотын нэгэн төрх эмнэлэг.

Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.

Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж. Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.

Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно. Бүсгүйн өвдөлтийн зай нь улам л ойртосоор л байлаа.

Өвдөлтийн хугацаа улам ойртох өнөөх бүсгүйн тухай ээлжийн эмч нарын үзлэгийн дэвтэр дээрх бичилт:/Дотуур үзлэг хийж үзлээ. Савны амсар 3 хуруу нээгдсэн байна. Өвдөлтийн хугацаа 10 минут. Хүүхдийн байрлал зөв. Ус нь гараагүй. Эхийн даралт хэвийн. Хавангүй. Шөнө 23 цагаас өвдөлт мэдрэгдэж эхлээд түргэнээр ирсэн. Их эмч С.Үнэнсайхан./

Бүсгүйд өвдөлт тэсэхийн аргагүй мэдрэгдэнэ. Саяхан үзлэгийн өрөөнд хийсэн эмчийн үзлэг өөрийн эрхгүй дотор муухайр ч жигшмээр сэтгэгдэл төрүүлсэн нь хоолойн дээр тулах шиг санагдана.Үзлэгийн никель төмөр ор, орны хашлаган дээрх бургуйн усны ч юм уу цусны толбо. Дотор минь орох эмчийн резинэн бээлийтэй хүйтэн гар. Хэвлий дээр дарах даралт.

Бурхан минь… Бүсгүй өвдөлтөндөө арай ядан алхасаар цонхны тавцан түшин зогсоно. /Энэ үед түүний толгойд ийм нэгэн бодол хөвөрлөө./

Бурхан минь… Охин л битгий төрөөсэй. Бүсгүй хүний зовлонг бүсгүй хүн ч ойлгодоггүй энэ орчлонд үйлийн үрийг минь давтах охин л битгий төрөөсэй билээ. Хүүтэй л болгож хайрла бурхан минь… Бурхан гэснээс…

Би чинь лам хүний ганц хүү. Хар багаасаа л би ном судар уншиж хэд хэдэн сайн тарнитай болоод авсан хүн. Би заяаны хань зам дээр гэсэн үгэнд огт итгэдэггүй. Яагаад гэвэл хувь тавилан зам дээр хөндөлдөөд хэвтэж байна гэсэнтэй ялгаагүй сонсогдож байгаа биз дээ. Би л лав хувь тавилан маань заяа төөрөгтэй маань шууд холбоотой гэж үздэг. Урд насандаа хийсэн буян болоод нүгэлтэй шууд холбоотой гэж үздэг. Болж л өгвөл энэ олдсон насандаа буян хураавал дараа төрөлдөө төдий хэмжээний сайн явна гэдэгт итгэсэн. Тэрний л төлөө амьдрах хэрэгтэй юм болов уу гэж бодно.

Одоо чи минийх. Тэр ч утгаараа би чамайг анх хараад л энэ миний эрт орой хэзээ нэгэн цагт учрах ёстой байсан хувь тавилан гэж ойлгосон. Хайртай чамдаа… Ийнхүү бүсгүйн тавилан минь эхэлсэнсэн. Тэр ламын хүү анхны минь эр хүн байсан./

Бүсгүйн өвдөлт дуу алдахад хүргэнэ. Цонхоор гудамжинд алхах хүмүүс юунд ч юм яарангуй алхах нь үзэгдэнэ. Намар гуниглангуй. Намрын нүцгэн модод цонхоор эцэнхий эмгэн мэт өндөлзөнө. Цээжрүү нь өнгийх мэт.../

Намрын шаргал өдрүүдэд би дуртай. Шарласан навчис шувуу юм. Энэ олон шар шувууд миний цээжинээс нисэж байгаа. Тэр шувууд бүгд чиний зүг нисдэг. Чи харин анзаарахгүй л байсан. Чиний нүгэлгүй алаг нүдэнд чинь тэд нүүдэлийн шувуу шиг чуулах гэж л чамруу нисдэг. Чи булбарайхан гараа зүрхэн тушаа минь тавиач. Тэнд хайр цохилж байгаа. Би чамд хайртай. /Зүрхийг нь шархлуулсан найрагч залуу жинхэнэ ХАЙР минь байсан. Тэгээд тэр жинхэнэ хайр минь шаргал навчис шигээ нисээд одчихсон, ХООСОН ЦЭЭЖ ШИГ нь модод гуниглангуй. Хаа нэгтээ хүүхдээ тэврээд алхах хосыг цонхоор харах нь доромжлол лугаа санагдана./

Сувилагчийн дуу хонгилд хадна. Бадрал эмчийн захиасны бүсгүй хаана байна? Танил эмчтэй ч байсан болоосой. Тэр жил…Ижийг эмнэлэгт хэвтдэг намар. Ээжийн үзэж байсан эмчийн нэр хэн билээ? Ганц бие эхнэр хүүхэдгүй залуу гээд л байсан эмчийн эхнэрт “гэр бүл үймүүлсэн” нэртэйгээр нүүрээ маажуулах дөхөж билээ. Би ижийгээ л бодож хүний аясаар л явсан болохоос гэр бүл үймүүлэх санаа толгойд минь орж ирээгүйсэн. Гэнэн явсны минь л алдаа байлгүй дээ. /

Гадаа урьд шөнийнх шиг жихүүн байгаа бололтой. Бүх л хүмүүс хаа нэгтээ яаран догдлонгуй алхах нь дулаан гэр гэрлүүгээ яарсных биз. Энэ цонхон доогуур газар шиншлэх гөлөг бид хоёр л адилхан бололтой. Хэн нэгнийг хүлээж цөхөрсөн миний сэтгэлийг шиншлэх мэт. Сэтгэлийг минь… /

Ижий хамар хашааны солир Лувсанг л хүний хань болох хүн гээд надад ярьдагсан. Очиж очиж хорвоогийн залуус мундсан биш солир Лувсантай суух дээрээ тулаагүй гэж хариулдагсан. Ижийн хэлсэн үг одоо л толгойруу орох юмдаа. Хүн танинаа гэдэг яасан их ухаан байдаг юм бэ дээ. Ээж минь... Цагаан Excel – тэй залуу, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн цэрэг, Баянхонгороос ирсэн их сургуулийн оюутан, Нэхийний ченж, Хувиараа бизнес хийгч нэртэй мөнгө муутай залуу түүний найз залуу, Баасанхүү багш, компьюторийн программист, нэрд төдийлөн гараагүй дуучин… ээ дээ хүн танина гэдэг яасан ч их ухаан юм бэ дээ. Эдний дунд ээжийн хэлдэгчлэн хань болох хүн байсангүй гэж үү.

Бүсгүйд өвдөлт улам хүчтэйгээр мэдрэгдэж сувилагч дуудна. Эмнэлэгийн хүйтэн цагаан хана тамир нь барагдсан бүсгүйн толгой эргэхэд хүргэнэ. Дахиад л нөгөө үзэн ядмаар дотуур үзлэг. Цагаан халадтай эмч, үзлэгийн элдэв толбот ор, цуурсан тааз, таазны халцарсан шохой... Хэвлий дээр дарах даралт.

- ЭЭЖЭЭ........Эмчийн яриа чихэнд нэг ойртож нэг холдоно.- Өвдөлтийн хугацаа болоогүй байна. Тэснэ шүү. Даралт хэвийн байгаа юм чинь айх зүйлгүй. Миний охин. Болж өгвөл хоёулаа жамаараа төрнө шүү. Айх зүйлгүй ээ. Миний охин чадах юм байна. Гэрийнхэнээс чинь хүмүүс ирсэн үү?

Бүсгүйн нүдэнд нулимс өөрийн эрхгүй дүүрнэ. МИНИЙ ОХИН. Ижийгээс минь хойш намайг ингэж дуудсан хүн бий билүү. МИНИЙ ОХИН... Бүсгүйн хоолой зангираад ямар ч авиа гарсангүй. Мөчийн өмнө өөрийг нь доромжлох мэт дотуур үзлэг хийсэн эмч…

Ижийгээсээ хойш сонсоогүй МИНИЙ ОХИН. Энэ үгийг ямар их хүссэн юм бэ? Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсана.

/ Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсаар л... Дутуу хаагдсан салхивчны завсраар намрын жихүүн салхи үе үесхэн исгэрэн төрөхийн өмнөх өрөөнд орж ирнэ. Тэсэхүйеэ бэрх өвдөлт одоо цаанаа л нэг өөр өвдөлт болсон санагдана. /

… Хотын нэгэн төрх эмнэлэг.

Төрөхийн өмнөх өрөө.

Арваад хоногийн дараа төрөх эмнэлгээс гарсан залуу ээжийн яриа:

- Хөөрхий нэг бүсгүй. Хүүтэй болсон гэнэ лээ. Харин тэр хоёрыг хэн ч эргэж ирээгүй гэсэн. Зайлуул ах дүү амраг садан ч үгүй юм байлгүй. Хэтэрхий эрт орсон саяны цаснаар хүүгээ тэврэсээр гудамж хөндлөн ганцаараа алхсан даа...

Ц.Бямбажаргалын шүлгээс

Би унтаа мэт сэрүүн мэт нойрноосоо сэрэхэд
Хөх намрын шаргал тэнгэр амгалан дүнхийнэ
Гашуун бүүр гашуун тэр шаналалт итгэлийн цэцгэнд
Ганцаараа би орчлон мартан дурласан байна
Би нээгдсэн мэт хаалттай мэт сэтгэлээ ярахад
Намрын гунигт дуу ниссээр орчлонгын хоосонд шингэнэ
Нууц бүүр нууц гэрэл аялгуун зүгт
Нарнаас зугтан өөрийн дотроо төөрнөм
Би байгаа мэт байхгүй мэт өөрийгөө хайхад
Эвлүүлдэг тоглоом мэт тавилан минь тэнгэрийн аясаар эргэлдэнэ
Эвдэрсэн бүүр эвдэрсэн сэтгэлээ эвлүүлэн уйд автахад
Эрээд олдоогүй утга учир цонхны минь цаана өндийдөг

Л.Санждоржийг шүлгээс


Оршихуйн солбицол...


Саран тэргэл үдшээр
Санаагаа суллаж нисгээд ...
Сүүдэр гэрэл зодолдох
Ил галын дэргэд
Сүнсээ чагнан суухуйд

Аниргүйн шидэт урсгалаар
Зүрх
Амаржсан эх мэт тайтгараад
Алдаа оноо хийгээд
Учрал хагацлаар хэлхэгдсэн
Алхаа нийлэх, эс нийлэх
Хүмүүсийн хамт
Амьдрал хэмээх жүжгийг
Хэрхэн тоглож буйгаа
Алсаас ирсэн гийчин мэт
Тэс хөндлөнгөөс харж суугаад
Элгээ хөштөл инээж
Эмгэнэн өрөвдөж
Эцэстээ цээжний хөндүүрээ арилтал
Санаа алдаж ахуйд ...

Анхил охин үнэр инээмсэглэсээр цээж дэрлэхэд
Амьтны зөн сэрж зүрхэн дотор шилгээхэд
Амир сэтгэлийн зүүдэн гэрэлт шувууд
Айдсаа зууж үргэн нисэлдэв.
Хүсэлд шүглэсэн үрс минь
Бурханы цэрэг мэт хүчирхэгжээд
Хөвчин биеийн гүнээс
Уулгалан довтолж нүргэлэхэд
Зүрхний хэм алдагдаж
Сэтгэлийн хэрэм нурлаа.
Хүсэлд шүгэлсэн үрс минь
Залгисан бачим гал дундуур
Зад яран урсаж ирээд
Зандчуу дуугаа тэнгэрт хадаахаар
Зангирсан биеийг доргитол нүднэ.

Хүсэлд шүгэлсэн үрс минь ....

Д.Гангантөгсийн шүлгээс



Би нэгэн гараг
Биен дээр минь жижигхэн хүмүүс амьдардаг
Нүгэл хийдэггүй, хоол ч иддэггүй
Нүцгэн буйгаасаа ичдэг ч үгүй
Наран сараныг төсөөлөх бүү хэл
Насаа ч ер тоолдоггүй...
Хүүхдээ үүрсэн тэд ар араасаа цуваад л
Хэдхэн хүн явж л байгаа харагддаг
Үдэш бүр тэд мөрөн дээр минь суучихаад
Үнэн сэтгэлээсээ ийнхүү дуулцгаадаг:
“Тэнгэрийн орон, тэнгэрийн орон
Тэр бидний орон гэр
Тэнгэрийн орон, тэнгэрийн орон
Тийшээ бид очих л болно”
Аяархан тэд ийнхүү дуулцгаана
Амандаа би ч гэсэн...
Тэнгэрийн орон, тэнгэрийн орон
Тэд намайг аваад яваасай...


Солонгос дахь Монголын уран бүтээлчдийн клуб байгуулагдлаа


Солонгос Улсад ажиллаж амьдарч буй Монгол улсын соёл урлагийн салбарын маш олон хүн бий. Тэд маань амьдрахын эрхэнд өөрсдийнхөө сэтгэл зүрхээ өгсөн тэр хайртай мэргэжил, уран бүтээлээсээ өөрийн мэдэлгүй холддог билээ. Угаас их үсрэнгүй хөгжил дэвшил гэдэг маань өөрөө цаг наргүй ажиллахыг шаарддаг нийгэм аж. Нэгэнт бид усыг нь уувал ёсыг ану дагаж буй билээ. Гэхдээ бид энэ бэрхшээлийг үл тоон хайртай уран бүтээлээ туурвиж өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмд сурталчилан таниулах, Монголын болон Солонгосын мэргэжилийн адил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах зорилго бүхий клуб байгуулж байна. Энэхүү клуб маань мэдээлэл технологийн эрин цагийн аясаар цахим шуудангийн хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлж байна. Солонгос улсад Монголчуудын “ХӨХ ЭГШИН” яруу найргийн бүлгэмийн хэсэг залуус бусад чөлөөт уран бүтээлчидтэй хамтран уг клубыг байгууллаа. Манай энхний үйл ажиллагаа дундын блог нээгдсэнээр эхэллээ. Дан ганц сэтгүүлч, зохиолч, зураачдаас гадна урлагийн бүхий л төрлийн хүмүүстэйгээ хамтарч ажиллах бодлогыг барьж байна. Тиймдээ ч цаашдаа манай клубын үйл ажиллагаа, уран бүтээлчдийн хамрах хүрээ нэмэгдэх тусам улам их зүйлийг хийх болно. “Бид чадна”, “бид хийнэ”, “Би үгүй бол хэн?” гэсэн гал мэт дүрэлзсэн залуус хийх бүтээхийн халуундаа шатаж явна. Бидний урд төлөвлөсөн ажилууд ар араасаа хүлээж байна. Урлагын охин тэнгэр Янжинлхам бурхан та биднийг ивээг.

Манай цахим шуудангийн хаяг: www.mglwritersclub@yahoo.com